Улсын дээд шүүхээс өнгөрөгч Даваа гаригт М.Тулгат, О.Цогтгэрэл нарын хэнийг нь ч Ардчилсан намын даргаар бүртгэж аваагүй, хооронд учраа ойлголц гээд шийдчихсэн. Энэ нь нэг талаар Ерөнхийлөгч Х.Баттулгатай УДШ-ийн шүүгчид илтэд муудалцахыг хүсээгүй байх. Хоёрт, Ардчилсан нам хоёр хуваагдсан хэвээр байх юм бол Ардын намд ашигтай юм.
Хэдийгээр МАН-ын дарга У.Хүрэлсүх хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Ардын намын Монгол, Ардчилсан намын Монгол гэж байхгүй. Нэг л Монгол Улс байгаа. Бид нэг л эх оронтой. Ардчилсан нам бол Монгол гэдэг айлын нэг тулгуур багана гэж би боддог. Ардчилсан нам хагарч бутрах нь Монголын эрх ашигт хохиролтой. Харин хурдан эв зүйгээ олж бэхжих нь Монголын ардчилал, улсын хөгжилд тустай.
МАН 100 жил, АН 30 жилийн түүхтэй шүү дээ. Манай нам ч 10-аад жилийн өмнө энэ зовлонг үзсэн. Ардчилсан нам энэ зовлонг бүү давтаасай гэж би чин сэтгэлээсээ хүсч байна. Одоо бид хүний өөрийнгүй эвдэрч хэмхрэх биш, эвлэлдэн нэгдэх цаг болсон шүү. Эвт шаазгай буга барина гэж ардын сайхан үг байдаг” гэсэн ч үнэндээ сүүлийн гурван удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намд алдсан ялалтыг зуун жилийнхээ ой дээрээ эргүүлж авчрахыг МАН хамгаас их хүсч буй юм.
О.Баасанхүүгийн хэлснээр одоогоор АН-ын хууль ёсны дарга нь С.Эрдэнэ байна гэсэн үг. Тиймээс үнэнд гүйцэгдсэн Х.Баттулгын бүлэглэл О.Цогтгэрэлээр дамжуулан М.Тулгатыг эвлэрэл нэгдэлд уриалав. Гэвч мэдээж, М.Тулгат бие даан шийдэх боломжгүй. С.Эрдэнийн талынхантай ярилцаж, хэлэлцэх биз. Гэвч С.Эрдэнэ энэ хүсэлтийг хүлээж авах нь юу л бол. Өнгөрсөн хугацаанд ойр дотны хүмүүсийг нь шалгаж, зовоож, АН-ын самарсан хүн бол Х.Баттулга, З.Энхболд нар гэж С.Эрдэнэ нэр цохон өөрөө зарласан билээ.
Өөрөөр хэлбэл, С.Эрдэнэ хэвлэлийн бага хурал зарлаж, “Гуравдугаар сарын 1-нд З.Энхболд над руу утсаар яриад хоёрдугаар сарын 24-нөөр огноолоод чи өргөдлөө бичээд өг гэсэн. Би өргөдлөө өгчихсөн байгаа гэдгээ хэлсэн. Гэтэл ”Үгүй ээ чи хоёрдугаар сарын 24-нөөр огноолоод бичээд өгчих” гэсэн. Тэгээд би хоёрдугаар сарын 24-нөөр огноолоод өргөдлөө бичээд өгсөн. Тухайн өдрийн орой Ерөнхийлөгч Х.Баттулгын шадар туслах Г.Түвшинжаргал надад үүсгэсэн эрүүгийн хоёр хэргийг хэрэгсэхгүй болгосон нийслэлийн прокурор Ц.Насанбатын гарын үсэгтэй тогтоолыг ирүүлсэн. Нийслэлийн прокурорын орлогчийн гаргасан шийдвэрийг Ерөнхийлөгчийн шадар туслах надад өгсөн нь хэргийг чинь хэрэгсэхгүй болголоо, аятайхан байгаарай гэж ойлгуулах санаатай байсан байх. З.Энхболд намайг Ерөнхийлөгчтэй уулз гэж удаа дараа шахсан. Би З.Энхболдод ганцхан юм хэлсэн.Би АН-ын хувь заяа, ардчиллын хувь заяагаар ямар нэгэн хэрэг наймаалцдаг хүн биш ээ гэсэн. Та нар зохиомлоор хүн гүтгэдэг, хэрэг тохдогоо боль гэж хэлсэн. Бүтэн жил бие, сэтгэл зүйн хувьд тамлаж, эргэн тойрны хүмүүсийг минь барьж хорьж, үндэслэлгүй хэргээр гүтгэчхээд, гуравхан цагийн дотор хэргийг хэрэгсэхгүй болгочхож байгаа юм. Гэтэл АН-ыг та нартай наймаалцахгүй гэхээр нийслэлийн прокурор Ц.Насанбатын хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоолыг нийслэлийн ерөнхий прокурор Ш.Нямдорж нь хүчингүй болгоод буцаагаад нөгөө хэргийг сэргээчихэж байгаа юм. Хоёр зуун мянган гишүүнтэй Ардчилсан нам Зандаахүүгийн Энхболд гэдэг төрийн хутгуураар дутахгүй ээ. Яаж төр самардгийг нь би мэднэ. Энэ бүх захиалга, завхралыг бий болгосон хүн нь Х.Баттулга” гэж байв.
Ийнхүү С.Эрдэнийг шахаж, дарамталж суусан Х.Баттулга, З.Энхболд хоёр эргээд түүний өмнө өвдөг сөгдөхөд хүрсэн бололтой.
Б.НИРУН
эвлэрье гээд байгаа бол нэг тал нь шүүхэд өгсөн материалаа татах хэрэгтэй. Тэгээд л болно нөгөөх нь бүртгэгдэнэ