Ерөнхий сайдын албан тушаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн МАН-ын дарга У.Хүрэлсүх дахин хэвлэлийн анхааралд орж ирэв. Монголын улс төрийг хөшигний араас удирдаж яваа тэрбээр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ бараг зарлачихлаа гэж хэлж болно. Ерөнхийлөгч Х.Баттулга эрх баригч МАН-ыг тараах захирамж гарган Улсын дээд шүүхэд хүргүүлсэн. Харин үүнийгн МАН-ын дарга буруутгаж “Дамдины Сүхбаатар, Хорлоогийн Чойбалсан, Догсомын Бодоо, Солийн Данзан, Юмжаагийн Цэдэнбал зэрэг эх орончид, бидний өвөг дээдсийн цусаа урсгаж, хөлсөө дуслуулж байгуулсан, тусгаар тогтносон төр улсынхаа зуун жилийн түүх рүү улсын Ерөнхийлөгч хүн хүндэтгэлгүй хандсанд их л харамссан даа. Хэрэв ийм зүйл болдог бол Монголын ардчилал, Монголын эрх чөлөөт нийгэм нуран унаж нэг хүний дарангуйлал тогтох байх. Харин манай ард түмэн тайван замаар олж авсан энэхүү ардчиллаа нүдний цөцгий мэт хамгаалах ёстой”-г ард иргэддээ захьжээ. Ингээд түүний хэвлэлд өгсөн ярилцлагын гол мессежүүдийг эшлэл болгон хүргэж байна.
- -Улс орон цар тахалтай тэмцэж байхад, улс төрийн цар тахал дээрээс нь нэмэгдвэл энэ улс орон юу болох вэ.
- -Тэр үед цагдаа, тагнуулын байгууллагаас надад тодорхой мэдээллүүдийг өгч байсан. Дараалсан улс төрийн жагсаал цуглаан, өлсгөлөн суулт, үймээн самуун зохион байгуулахаар төлөвлөгдөж байгаа талаар.
- -Энэ бүхэнд Ерөнхийлөгчийн албатууд, сөрөг хүчнийхэн маань оролцсон нь асуудлыг улам төвөгтэй байдал руу оруулсан.
- -Ерөнхийлөгчийн сонгууль угтсан улс төрийн бай нь ч би болж таарсан байх. Цар тахал дээр улс төр хийж, УОК, Засгийн газрыг огцруулах, дараа нь УИХ-ыг тараах тэгээд нэг хүний засаглал тогтоох гэсэн шат дараалсан үйл явдлууд төлөвлөгдсөн байсан.
- -Ийм нөхцөл байдалд шахаанд орсон Засгийн газар хэвийн ажиллана гэдэг туйлын хүнд шүү дээ. Энэ үед надад хоёрхон сонголт үлдсэн.
- -Би тэдний тавьсан урхинд орж улс төрийн зохиолынх нь дагуу явдаг ч хүн биш, хариуцлагаас зугтдаг ч хүн биш.
- -Би ажлаа үргэлжлүүлнэ. Надад итгэсэн иргэдийнхээ итгэлийг би эхлүүлсэн ажлуудаа дуусгаж хариулах болно.
- -Ийм их итгэл найдвар, ачаа үүрчихээд би хаашаа явах билээ дээ. Улстөрч хүний замд нэг ухраад хоёр урагшлах хүндхэн сорилт тулгарсан гэж ойлгоорой.
- -Бидэнд хийсэн ажил чамгүй боловч хийж дуусгах ажил түүнээс ч их байна. Бид хожим ард түмнээрээ дүнгээ тавиулна.
- –“Шударга ёсны төлөө тэмцэлд үргэлжлэл бий” гэж. Би хэлсэндээ хүрч эхлүүлсэн ажлаа дуусгана.
- -Энэ цар тахлын хүнд үед улс төр ярьж, гал дээр тос нэмж олон түмнээ бухимдуулж болохгүй.
- -Ард иргэдэд улс төрийн хэл ам, хэрүүл тэмцэл чухал биш.У.Хүрэлсүх, Х.Баттулга, Ардын нам, Ардчилсан нам ч сонин биш байна.
- -Бид хаа хаанаа анхаарч, эв нэгдэлтэй, талцал хуваагдалгүй, төр засаг, ард түмнээрээ нягтран энэ зовлонг хамтын хүчээр давж гарах ёстой.
- – Үндсэн хуулийн Цэц хэнээс ч хараат бус шүүх байгууллага. Энд улс төрийн нам битгий хэл төрийн тэргүүн ч нөлөөлж чаддаггүй юм.
- -Ардын намын Монгол, Ардчилсан намын Монгол гэж байхгүй. Нэг л Монгол Улс байгаа. Бид нэг л эх оронтой.
- -Ардчилсан нам бол Монгол гэдэг айлын нэг тулгуур багана гэж би боддог. Ардчилсан нам хагарч бутрах нь Монголын эрх ашигт хохиролтой.
- -Харин хурдан эв зүйгээ олж бэхжих нь Монголын ардчилал, улсын хөгжилд тустай.
- -МАН 100 жил, АН 30 жилийн түүхтэй шүү дээ. Манай нам ч 10-аад жилийн өмнө энэ зовлонг үзсэн.
- -Одоо бид хүний өөрийнгүй эвдэрч хэмхрэх биш, эвлэлдэн нэгдэх цаг болсон шүү. Эвт шаазгай буга барина гэж ардын сайхан үг байдаг даа.
- -Монголд өнөөдөр дарангуйлал тогтох ямар ч боломжгүй. Монголын ард түмэн тэгж дарлуулаад байдаг ч ард түмэн биш.
- -Би ч гэсэн эцэг хүний хувьд өөрийнхөө үр хүүхдүүдийг нэг хүний зурганд мөргөж амьдраасай гэж хэзээ ч хүсэхгүй.
- -Бидний үр хүүхэд ардчилсан нийгэмдээ айх аюулгүй, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, эх орныхоо эрх чөлөөт эзэн нь байна гэдэгт би хатуу итгэдэг.
- -Монгол Улс парламентын засаглалтай ардчилсан орон. Харин бид парламентын засаглалаа улам төгөлдөржүүлэх ёстой.
- -Нэг хүний дарангуйлал руу хэзээ ч явж болохгүй. Хүн засагладаггүй, хууль засагладаг улс байх ёстой.
- -Ерөнхийлөгч, төрийн тэргүүний хамгийн чухал үүрэг бол Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч байх явдал юм.
- -Зөвхөн нийт ард түмний нэгдмэл эрх ашгийг эрхэмлэдэг Ерөнхийлөгч байх ёстой. Та бод доо.
- -Цар тахал, өвчин зовлон, ялангуяа вакцинжуулалтыг улстөржүүлж огт болохгүй. Ард түмний амь нас, аюулгүй байдалтай холбоотой эмзэг асуудал шүү.
А.АНАР