2024.04.20, Saturday
spot_img
НҮҮР2Н.Түвшинбаярыг хэрэг хүлээх чадваргүй болгох вий!

Н.Түвшинбаярыг хэрэг хүлээх чадваргүй болгох вий!

Бусдын өвчин зовлонгоор улс төр хийх утгагүй. Увайгүй ч харагдана. Гэхдээ, хардах эрхээ эдлэж, Н.Түвшинбаярыг цаашид хэрэг хүлээх чадваргүй болгох вий гэсэн эмзэглэл олны дунд байгааг юуны өмнө дуулгая.

Бусдыг зодож, хүндээр бэртэл учруулсан, МҮОХ-ны дарга Н.Түвшинбаярыг энэ сарын 4-ны өдөр албадан баривчилж ШШГЕГ-ын харъяа Цагдан хорих 461 дүгээр саатуулсан.  Болсон явдлыг эргэн сануулбал, Хан-Уул дүүрэгт байх Булган аймгийн харьяат “MGT Mining LLC”-ийн эзэн С.Гал-Эрдэнийн оффист Олимпийн аварга Н.Түвшинбаяр нь улсын начин, найз Э.Энхбатыгаа зодож, тархины хүнд гэмтэл учруулсан. Үүнийхээ дараа “Интермэнд” эмнэлэгт очоод хэвтэж байгаа зургаа сошиалаар цацаж, олон хүний бухимдлыг төрүүлсэн. Тэрбээр нүүрсний наймаанаас болж найзыгаа тархины суурь ясыг нь гэмтээтэл вискины шилээр зодсон талаарх мэдээлэл ч цацагдаж буй.

Э.Энхбатыг БНСУ руу “Хүннү айр”-ын онгоц хөлслөн эмчилгээнд авч явсан. Ар гэрийнхэн нь ч эмчилгээний хандив гуйсан. Ерөнхийлөгч Х.Баттулга их хэмжээний хандив өгсөн байна. Н.Түвшинбаяр эмчилгээний бүх зардлыг дааж байгааг өмгөөлөгч Л.Данзаноров мэдээлсэн. Гэхдээ ингэлээ гээд энэ нь хэргээс цэвэрхэн мултарчихна гэсэн үг биш.

Ийн хардах учир нь 461 дүгээр ангид цагдан хоригдож буй Н.Түвшинбаяр covid-19-ийн халдвар авч тус хорихын эмнэлэгт ганцаараа тусгаарлагдаж байгаа аж.

Гэтэл өмнө нь 409 дүгээр ангиас 52, 461 дүгээр ангиас 18 хоригдол халдвар авсан байдаг. Тэдний нэрийг ч зарлаагүй, ихэнхийг нь хориход нь тусгаарласан.

Тэгвэл яагаад Н.Түвшинбаярыг халдвар авсныг нь олонд зарлаж, ганцааранг нь тусгаарласан нь хардлага төрүүлж байна. Өөрөөр хэлбэл, өрөвдүүлэх тактик байж болох уу.  Олон нийтийн дунд ингэж, ингэж Н.Түвшинбаярыг суллаж, Э.Энхбатын хохь болгоод өнгөрөх вий гэсэн эмзэглэл ч байна.

Н.Түвшинбаяр нь Ерөнхийлөгчийн хуурай дүү. Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаж байсан. Түүний албан тушаалыг авсан, өгсөн асуудал одоогоор алга. МҮОХ-ны ерөнхийлөгчийн Ч.Наранбаатар түр орлож байгаа. Н.Түвшинбаяр шоронгоос гараад ажлаа хэвийн үргэлжлүүлнэ гэсэн үг үү. Энэ мэт тодорхойгүй асуудал их. Ямар ч байсан Н.Түвшинбаяр энгийн хоригдлоос давуу эрхтэй байгаад л иргэд бухимдаад байгаа юм. Үнэндээ Т.Чимгээ, Н.Түвшинбаяр хоёр л энгийн хоригдлоос давуу эрх эдлэж байгаа нь худлаа биш шүү дээ.

Д.ШООВДОР

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!