2024.04.24, Wednesday
spot_img
НҮҮР3"Энхсаран"-г шүүмжилсэн залууг ковид бусдад халдаасан гэжээ

"Энхсаран"-г шүүмжилсэн залууг ковид бусдад халдаасан гэжээ

БНСУ-аас эх орондоо ирж “Энхсаран” сувилалд тусгаарлалтад байхдаа covid-19-ийн халдвар авч ХӨСҮТ-т сар гаран хэвтэн эмчлүүлсэн иргэн Д.Мөнхбатад эрүүгийн хэрэг үүсгэсэн талаар тэрбээр нүүр номдоо мэдээлжээ.
Иргэн Д.Мөнхбат “Энхсаран” сувиллын талаар иргэдэд мэдээлэл дамжуулснаараа буруутан болсон байна. Тэрбээр өмнө нь “Солонгосоос ирсэн өдрөө шинжилгээ өгөөд хариу нь сөрөг гарсан. Энхсаран сувилалд байхдаа гурван удаа шинжилгээ өгөхөд бүгд сөрөг гарсан. Хажуугийн өрөөний хүмүүсийг сэжигтэй тохиолдол гэж үзээд ХӨСҮТ-рүү  авч явахад л “Энхсаран”-г голомт болсныг мэдсэн. “Энхсаран”-д хүмүүс дотроо чөлөөтэй явдаг тохиолдол огт байхгүй. Камерын бичлэгээр нотлох хэрэгтэй. Бид хоёр хоол тарааж байсан хүнээс л авсан байх гэж хардаад байгаа юм. Бидэнд хоол тарааж байсан эгч маань  халдвар аваад ХӨСҮТ-д ирсэн байна” гэсэн ярилцлага хэвлэлд өгч байсан юм.
Гэтэл өчигдөр /2021.04.14/ иргэн Д.Мөнхбат өөрийн цахим хуудсанд
“Эрүүл болоод удаагүй байтал.
Эрүүгийн хуулиар яллагдагчаар татагдав.
Бүх зүйлийг эхнээс нь тайлбарлая. Эгэл жирийн иргэн байжээ. Tэрээр хэнд ч тээр, саад бололгүй ажил хөдөлмөрөө эрхлэн аж төрөх бөгөөд, хүний эрхээ дээдэлж иргэний үүргээ ухамсарлан явдаг нэгэн. Гадаадад олон сар гацаж гэртээ ирэх гэтэл тусгаарлалт нэртэй иргэдийг олноор нь хашиж хорьсон үйл явдлаас үүдэн эх орондоо эрүүл ирээд
тухайн газраас коронавирусын халдвар авав. Сар гаруй хугацаанд эмчлэгджээ, хүнд өвдсөн одоо ч бие нь сайнгүй. Эмнэлгээс гарсан даруй цагдаагийн газарт нэг бус удаа дуудагджээ.
Үзэл бодлоо илэрхийлж иргэний үүргээ биелүүлсэн түүнийг Зөрчлийн тухай хуулийн 5.13.1 дэх заалтаар торгох шийтгэл оногдуулсан. Хэрэг ингээд дууссангүй…
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас 2021.03.24-ны өдөр Эрүүгийн хуулийн 15.6.1 дэх хэсэг Бусдын амь насанд аюул учруулж болзошгүй халдварт өвчин бусдад халдаах, эсхүл тархах нөхцөл бүрдүүлсэн гэх зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаад байна.
Хариуцлагагүй шийдвэрийн улмаас олон иргэдийн амь нас эрүүл мэнд хохирч болох байсан эрсдэлт нөхцөл байдлаас сэргийлэх зорилгоор шударга шүүмжлэл өрнүүлсэн миний мэдээллүүд иргэдийг төөрөгдүүлсэн, өдөөн турхирсан хэв шинжтэй болж тооцогджээ. Үнэн бодит байдлыг хэлэх нь бусдыг төөрөгдөлд хөтөлж байна гэж үү ? “Үнэн” хүнийг төөрөгдүүлдэг харин “худал” хүнийг хөтөлдөг цаг үе үү.
Mиний мэдэх шударга ёс ийм биш, бидний хүсдэг нийгэм ийм биш. Яагаад бид энэ асуудлыг хөндөж тэмцэх ёстой вэ гэвэл ирээдүйд бидэнд үлдэх цаг үе, орон зай учраас түүнийгээ аврах өчүүхэн ч гэсэн алхам хийх нь бидний үүрэг” гэсэн байна.
“Энхсаран” сувиллын захирал О.Түмэндэмбэрэл. Тэрбээр СХД-ын ИТХ-ын төлөөлөгч М.Жаргалсайханы эхнэр. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатартай ойр дотны найзууд гэх мэдээлэл дуулиан дэгдэж байх үед цацагдсан.  “Энхсаран” сувиллын захирал О.Түмэндэмбэрэл нарын 13 хүнийг яллагдагчаар татсан бий.
Д.ШООВДОР
Холбоотой мэдээ

1 сэтгэгдэл

  1. энхсаран сувилал буруутай биздээ, иргэдээ ингэж хохироож болохгүй шүү, бичлэгээ хянуулна уу

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!