Зарим нэг ажилтны хариуцлагагүй байдал, хууль бус явдлаас болж covid-19-өөр халдварласан хүмүүсийн тоо хоногтоо л 100 давж байна. Цаашид хоногт 200 хүн халдварлавал хөл хорио тогтоох саналтай байгаагаа УОК мэдээлсэн. Мөн хариуцлага алдсан хүмүүст хуулийн дагуу шалгалт хийж, арга хэмжээ авахаар болсон.
ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Ц.Баатархүүгийн мэдээлснээр “Энхсаран” сувилалд халдвар хамгааллын дэглэм барьдаггүй, ажилчид амны хаалт зүүдэггүй, зай барьдаггүй, ариутгал халдваргүйтгэл хийдэггүй байсан нь тогтоогджээ. Тус сувиллын зургаан албан тушаалтан, дэглэм зөрчсөн 5, эмх замбараагүй байдал үүсгэсэн 2, нийт 13 хүнийг яллагдагчаар татаж, эрүүгийн хэрэг үүсгэх саналыг цагдаагийн байгууллагаас прокурорт хүргүүлжээ. Мөн ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаны сувилагч өөрийн хамаарал бүхий иргэнд хууль зөрчиж, PCR шинжилгээг хуурамчаар үйлдэж өгсөн. Үүнийг цагдаагийн байгууллага гэмт хэргийн шинжтэй гэж үзэн холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байгаа аж.