Ерөнхийлөгч Х.Баттулга ажлаа муу хийсэн гэж АНУ-д суугаа Элчин сайд Ё.Отгонбаярыг эгүүлэн татах зарлиг гаргасан. Тэгвэл эрх баригч МАН хариуд нь З.Энхболдын дүү АНУ-ын Элчин зөвлөх И.Индранилаг чөлөөлөх шийдвэрийг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг гаргажээ.
АНУ-д суугаа Элчин сайд Ё.Отгонбаяр нь УИХ-ын гишүүн Сү.Батболдын хүү Б.Сэдбазарыг Колумбын их сургуульд оруулахын тулд тус сургуульд захидал бичсэн нь илчлэгдсэн. Энэ мэдээллийг Элчин зөвлөх, З.Энхболдын дүү И.Индранила дэлгэсэн байх магадлалтай аж. Элчин сайдын яамны цахим хаягт нэвтрэх эрх Элчин зөвлөх И.Индранилад байдаг байжээ.
Ийнхүү Сү.Батболд Х.Баттулга хоёрын “зодоон” АНУ-ын Элчин сайдын яамыг самарч эхэллээ. Тус улсад Элчин сайдаар явахаар З.Энхболд горилож байх зуур дүү нь ийнхүү хөөгдлөө.