Ерөнхийлөгчийн Тамгын газрын ажилтнуудыг гадуурхаж, вакцинжуулалтад хамруулахгүй байна гэж Х.Баттулгын зөвлөх С.Ламбаа өчигдөр /2021.03.25/ мэдээлсэн. Тэрбээр “УОК-оос гаргасан вакцинжуулалтын хуваарьт Ерөнхийлөгчийн Тамгын газар багтаагүй. Ерөнхийлөгчийн Тамгын газрын ажилтнууд хаана очиж вакцинд хамрагдах нь тодорхойгүй, хуваарьт ороогүй байна. Гэтэл төрийн бүх албан хаагч, ТӨҮГ-ын албан хаагчид вакцинд хамрагдаад дуусч байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн институцид эрх баригч намын хандаж байгаа хандлага энэ. Мөн ҮАБЗ өнөөдрийг хүртэл хуралдаж чадахгүй байна. Нэг ч удаа хуралдаагүй” гэв.
Үнэндээ, Ерөнхийлөгчийн Тамгын газрынхныг УОК гадуурхаад вакцинжуулалтад хамруулсангүй юу, эсвэл Ерөнхийлөгчийн Тамгын газрынхан хятад вакцин хийлгэхгүй гэж эсэргүүцсэн үү. Өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгчийн заавраар МоАХ-ныхон хятад вакцин эсэргүүцэж жагсаал зохион байгуулсан. Ерөнхийлөгчийг дэмжигчид одоо ч вакцинжуулалтын эсрэг суртал ухуулга хийсээр байгаагаас харвал УОК тэднийг гадуурхсан нь юу л бол доо.
Д.ШООВДОР