Засгийн газрын ээлжит хуралдаан яг одоо төрийн ордонд болж байна. Хуралдаанаар эдийн засгийг дэмжих чиглэлээр авах арга хэмжээний тухай хэлэлцэж байна. Өчигдөр орой Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга иргэд, ААН-үүдийг дэмжих зорилгоор хөтөлбөр боловсруулж Ерөнхий сайдад хүсэлт хүргүүлсэн. Үүнд зээлийн хүүг зургаан сараас доошгүй хугацаагаар царцаах, нийгмийн даатгал, хүн амын орлогын албан татвараас иргэд ААН-үүдийг чөлөөлөх, өрх бүрт нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх зэрэг багтаж байв.
Тэгвэл өнөөдөр Засгийн газар өрх бүрт нэг сая төгрөг тараах боломжгүй хэмээн үзэж хариу хүргүүлжээ. Тухайлбал Засгийн газрын зүгээс цар тахлын тархалт нэг сарын хугацаанд өрнөх асуудал биш учраас зах зээл рүү гэнэт гурван их наяд төгрөг хийх боломжгүй гэж үзсэн байна.