2024.04.17, Wednesday
spot_img
НҮҮРУлс ТөрУ.Хүрэлсүх: Ерөнхийлөгч Х.Баттулгад хариуцлага тооцох ёстой

У.Хүрэлсүх: Ерөнхийлөгч Х.Баттулгад хариуцлага тооцох ёстой

МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхий сайдын албан тушаалаас огцорч байгаагаа мэдэгдлээ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Манай улсын эрхэм хүндэт иргэдээ, та бүхэндээ хандан таагүй мэдэгдэл хийж байгаадаа хүлцэл өчье.

Хоёр хоногийн өмнө дөнгөж төрсөн эмэгтэйг ХӨСҮТ рүү тээвэрлэхдээ хариуцлагагүй үйл ажиллагаа явагдсаныг та бүхэн мэдэж байгаа. Би эцэг хүн. Гэр бүлтэй, охин үртэй хүн. Энэ явдал нь Улсын Ерөнхий сайдын хувьд ч, эцэг хүний хувьд ч сэтгэл эмзэглүүлсэн үйл явдал байлаа.

Тухайн эмэгтэйгээс, ар гэрийнхнээс нь чин сэтгэлээсээ уучлал гуйж, биднийг өршөөгөөрэй гэж хүсье. Энэ явдалд Монгол улсын Ерөнхий сайд ёс зүйн хувьд хариуцлага ёстой гэж бодож байна.

Монголын төр ард түмэндээ үйлчилдэг байгаасай гэж чин сэтгэлээсээ бодож, эрмэлзэж, ард түмний итгэлийг хүн ёсоор хариулъя гэж хичээн зүтгэж ирсэн.

Энэ цар тахлыг амжилттай давахын төлөө УОК, Засгийн газар бүхий л хүчээ дайчлан ажилласан. Бидэнд амжилт ололт, алдаа оноо ч байгаа. 10 сарын хугацаанд халдвар алдаагүй. Бидний хийж буй ажил нь урьд өмнө нь хэзээ ч хийж хэрэгжүүлж байгаагүй арга хэмжээнүүд. Энэ бүхний үр дүнд коронавирусаар нэг ч хүн нас бараагүй. Хийж үзээгүй ажлыг хийхэд алдаа оноо гардгийг бүгд мэднэ. Цар тахлын эсрэг тэмцэж байгаа хэн бүхэнд талархаж байна.

Гэхдээ хариуцлага алдаж, хөөрхий эмэгтэйг ямар нөхцөлд авч явсныг бид бүгд харсан. Иймд алдаа гарвал хариуцлагаа үүрч чаддаг төр засаг байх ёстой. Үүнийг би байнга хэлдэг. Гэвч энэ удаа элэг шимшрэм байдалтайгаар авч явсанд миний бие дахин хүлцэл өчиж байна.

Би өөрөө цэргийн хүн, дайны гал шугам дээр өөрийнхөө командтай хамт тулалдаанд орж ялвал ялж, яладвал тэр довон дээрээ үхдэг хувь заяа бол цэрэг хүнийх. Тийм учраас би энэ танхимыг элэг бүтэн явна гэж бодсон.

Төрийн нүд сэргэг, чих сонор байх ёстой. Иргэд хариуцлага тооцохыг шаардсан. Үүнийг бид хүлээн авч байна. Ёс зүйтэй төр, ёс зүйтэй хүн байх ёстой.

Хариуцлагаа үүрч, Монгол Улсын Ерөнхий сайд хэмээх хүндэт албан тушаалаас огцорч байгаагаа мэдэгдэж байна.

Ард түмний минь жагсаал цуглаан болж байгааг далимдуулж улстөрийн үйл ажиллагаа болсон. Миний итгэж найдаж, хамтарч ажилласан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ард түмнийг үймээн самуунд турхирч, хөрөнгө санхүүжилт хийж, ард түмний тайвнаар өөрсдийн үзэл бодлоо илэрхийлсэн жагсаалыг улс төржүүлсэн.

Миний итгэл найдвар үнэхээр алдарч байгаа. Цаашдаа ч гудамж талбайн жагсаалыг зохион байгуулалттайгаар хийж, нийтийн эмх замбараагүй байдалд өдөөн турхирах гэсэн үйл ажиллагааг төлөвлөж байгааг үгүйсгэхгүй гэж бодож байна.

Тиймээс би улсынхаа эрх ашгийг дээдэлдэг Ерөнхий сайдын хувьд хэлэхэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн институт, Монгол Улсын Засгийн газар хооронд зүй бус харилцаа үүсэх вий, үүнээс болж олон түмэн үймээн самуунд турхирагдан орох вий, монгол хүний амь нас үрэгдэх вий гэхээс сэргийлж байгаа юм.

Дахиж долдугаар сарын 1-н шиг үйл явдал битгий гараасай гэж хүсэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч бол ард түмний эв нэгдлийн илэрхийлэл. Ард түмний аюулгүй байдлыг хангаж хамгаалж байх үүрэгтэй, Үндсэн хуулийн үүрэгтэй хүн. Харамсалтай нь энэ ажлуудыг хийж чадахгүй, зөтхөн өөрийнхөө сонгуулийн ажлыг удаа дараа хийж, улс төрийн оноо авах гэсэн, ард иргэдийн сэтгэл санааг үймүүлсэн мэдээ цацаж байгааг хэвлэлийнхэн та бүгд мэднэ.

Үндсэн хуулийн дагуу өнөөгийн Ерөнхийлөгчид хариуцлага тооцох ёстой гэж эрх баригч намын даргын хувьд үзэж байгаагаа илэрхийлье!

Төр түвшин түмэн олон амгалан байх ҮАБЗ-ын гурван гишүүний шууд асуудал байдаг юм. Харамсалтайн өнөөгийн ерөнхийлөгч маань энэ ажлаа хийж чадахгүй байна.

Би ард түмнээ боддог. Улс төрийн үймээн самуунаас болж улс оронд минь эмх замбараагүй байдал битгий үүсээсэй гэж бодож байна. Тийм учраас огцорч байна.

Миний бие улс төрөөс явж байгаа юм биш. Би цаашдаа Монгол төрийнхөө төлөө зүтгэнэ. Шударга ёс, шударга шүүхийн төлөө зүтгэнэ.

Маргааш нөгөөдрийн дотор шинэ Ерөнхий сайдыг тодруулна” гэлээ.

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!