“Ардчилсан Үндсэн хуулийн өдөр! Монголд хүний эрх, эрх чөлөөг хамгаалах нь төрийн үндсэн үүрэг гэсэн, уг нь супер Үндсэн хууль! Жинхэнэ тусгаар тогтнолын Үндсэн хуулийг бүтээсэн, өдгөө шоронд хоригдож буй С.Баяр, С.Баярцогт, Да.Ганболд, М.Энхсайхан нар бол баатарууд! Тэдэндээ талархацгаая!”. Хотын дарга асан Э.Бат-Үүлийн өчигдрийн энэ жиргээ олон нийтийн сүлжээнд цөөнгүй “зүрх” авчээ. Харин түүний жиргээнд нэр нь дурдагдсан баатарууд өдгөө бүгд улс төрийн хоригдлууд болсон.
Тэднийг Оюутолгой, Тавантолгойн гэрээ, төслөөр анх буруутгасан ч сүүлдээ “хүн нь олдвол хэрэг тохно” гэгч болоод дууссан.
Өчигдөр Монголд ардчилсан Үндсэн хууль батлагдсан түүхэн ойн өдөр байлаа. Хорин есөн жилийн тэртээд Монгол Улс хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн иргэн төвтэй төр улсыг шинэ Үндсэн хуулиараа тунхагласан билээ. Монголчууд өмчтэй байх, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, сонгох, сонгогдох, шашин шүтэх, шүтэх эрхийг олгосон хүний эрх, эрх чөлөөг хангасан, Монголын тусгаар тогтнолыг жинхэнэ баталгаажуулсан Үндсэн хууль болсон гэж судлаачид үздэг. Харин энэ өдрөөр Ерөнхийлөгчийн барьсан бэлгийг нийслэлийн прокурор “задлав”.
Товчхондоо, Ерөнхийлөгчийн даалгавраар шүүхийн “хэвлэлийн алба” болж хувирсан Улсын Ерөнхий прокурорын газраас /УЕПГ/ 2020 онд хяналт тавьж шүүхээр шийдвэрлэсэн 48 хэрэгт 21 тэрбум 586 сая төгрөгийн хууль бус хөрөнгийг хурааж, улсын орлого болгох шүүхийн шийдвэр гарсан тухай дуулгахдаа С.Баяр, С.Баярцогтыг өмчийг хураах болсноо баяртайгаар зарлалаа.
С.Баярцогтоос 4 тэрбум 10 сая, 3 үл хөдлөх эд хөрөнгийг, С.Баяраас 5 тэрбум 580 сая төгрөг, 1 тэрбум 97 сая төгрөгийн үл хөдлөх хөрөнгийг хурааж улсын өмч болгоно гэв.
Баяжих хүсэлтэй ч халамж хүртээд хэвтэж байх дуртай хүмүүсийн хувьд С.Баяр, С.Баярцогтоос хураасан байшин саванд амьдарна гэж бодож байх шиг. Үгүй л дээ, хэн нэгэн том эрх мэдэлтний хөрөнгө болно.
1937 онд феодалын хөрөнгийг хураасан улаан хувьсгалчид гэнэт “хөлжсөн” шиг. Юм үзээгүй болохоороо Дэмбэрэл хүү шиг Ерөнхийлөгчийн тоглолтод баярлах хүн олон байна. Гэхдээ тэдний хөрөнгийг хураалаа гээд ард түмэн сохор зоос ч очихгүй нь гол үнэн.
Аливаа баяр ёслол, түүхэн ойн өдрийг далимдуулан баривчилгаа явуулдаг оросуудын аргаар Х.Баттулга ч ардчилсан Үндсэн хуулийн өдөр бусдын өмчийг хураах сюрпириз барьснаараа тэр цаашдаа Монголд ардчилал, хүний эрх, эрх чөлөөг таашаахгүй гэдгээ нэн тодорхой зарлалаа.