2024.04.18, Thursday
spot_img
НҮҮРМонгол"6.5 магнитуд хүрсэн газар хөдлөлт анх удаа бүртгэгдлээ"

"6.5 магнитуд хүрсэн газар хөдлөлт анх удаа бүртгэгдлээ"

Нэмэлт:

Хөвсгөл аймгийн Ханх суманд өнөөдөр хэд, хэдэн удаагийн хүчтэй газар хөдлөлт болсон, энэхүү газар хөдлөлт Улаанбаатар хот болон Булган, Сэлэнгэ, Төв, Завхан аймагт мэдрэгдсэн тул Онцгой байдлын ерөнхий газар, Шинжлэх ухааны академийн Одон орон геофизикийн хүрээлэн, Барилга хот байгуулалтын яам хамтран мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Шинжлэх ухааны академийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн захирал С.Дэмбэрэл:

2021 оны нэгдүгээр сарын 12-нд өглөө 05.32 цаг, 58 секундэд Ханх сумаас 27 км-ын зайд 6.5 магнитудын хүчтэй газар хөдөлсөн. Одоо ч давтан хөдлөлт болсоор байна. Хамгийн сүүлийн мэдээгээр 100 гаруй удаа давтан хөдлөлт болсон.  Үндсэн хөдлөлт нь 6.5 бөгөөд давтан хөдлөлтийн  магнитудын хүч нь харьцангуй бага. Гэхдээ магнитуд нь 5 хүрсэн хөдлөлт дөрвөн удаа, магнитуд нь дөрөв хүрсэн хөдлөлт 14 удаа бүртгэгдээд байна. Тухайн бүсэд ийм хүчтэй газар хөдлөлт 1991 онд Бүсийн гол орчимд 6.7 магнитуд хүрч байсан. Бид багажаар судалгаа хийснээс хойш тухайн бүс нутагт 6.5 магнитуд хүрсэн газар хөдлөлт анх удаа бүртгэгдэж байна. Газар хөдлөлтөд хамгийн ойр суурин газар бол Ханх сум. Газар хөдлөлтийн голомтод 7-8 баллын чичирхийлэл үүсгэсэн. Зайнаас хамаарч чичирхийллийн хүч замхарна. Улаанбаатар хот нь тухайн цэгээс 610 километрын зайд оршдог. Хүрэл тогоотын одон оргил дахь станцад бүртгэгдсэнээр Улаанбаатарын хадан хөрсөнд 3-4 баллын чичирхийллээр мэдрэгдсэн. Хотын сав газар, барилга байгууламжийн онцлог, ямар суурь хөрсөн дээр баригдсанаас шалтгаалан иргэдэд өөрөөр мэдрэгдсэн байна. Иргэдээс хүчтэй газар хөдлөлтийг урьдчилж мэдэгдсэнгүй гэх шүүмжлэл гарсан. Хүчтэй газар хөдлөлт болсны дараа албан тушаалтнуудын цахим шууданд мэдээлэл хүргэдэг. Миний цахим шууданд үндсэн газар хөдлөлт болсноос хойш 10 минутын дараа мэдэгдсэн. Ийм хүчтэй газар хөдлөлтийн дараа иргэдэд хэрхэн мэдээлэх тухайг бид цаашид боловсруулж, цаг тухайд өгөх талаар ажиллана” гэв.

Тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулахдаа “Хүчтэй газар хөдлөлтийг урьдчилж богино хугацаанд таамаглах асуудал дэлхийн эрдэмтэн судлаачдын анхаарлын төвд байдаг. Болсон хүчтэй газар хөдлөлтийн аюулыг амжиж анхааруулах асуудал олон улсад хэрэглэгдэж байгаа. Улаанбаатар хотод хүчтэй газар хөдлөлтийг амжиж анхааруулах системийг байгуулсан. Үндсэндээ Улаанбаатар хотын эргэн тойронд оршдог гурван голомт болон Дундговь аймгийн Дэрэнгийн хагарал, Булган аймгийн Могод  сумын газар хөдлөлтийн идэвхтэй хагарал, Сэлэнгэ аймгийн Бүтээлийн нурууны голомтоос хэрвээ Улаанбаатар хотод аюул учирч болох хэмжээнд газар хөдөлбөл систем автоматаар ажиллаж, анхааруулах дуут дохио өгөх юм. Бид энэ дуут дохиоллын системийг газар хөдлөлтийн аюулын эрсдлийг бууруулах сургалтын үеэр ашигласан. Өнөөдрийн хүчтэй газар хөдлөлтийн тохиолдолд яагаад энэ систем дуугараагүй вэ гэхээр дуугарах түвшинд хүрээгүй. Дуут дохиоллын улаан, ногоон, шар түвшин байдаг бөгөөд Улаанбаатар хотын байшин барилга нурах түвшинд улаан гэрэл автоматаар ажилладаг. Бид олон улсын эрдэмтэдтэй хамтран газар хөдлөлтийг урьдчилан таамаглах чиглэлээр ажиллаж байгаа” гэлээ.

Хөвсгөл аймагт 6.5 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас барилга, байгууламжид эвдрэл гэмтэл гарсан эсэх талаар болон улсын хэмжээнд ашиглагдаж буй барилгуудыг газар хөдлөлтөд хэр тэсвэртэй талаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн дарга Д.Жаргал дараах тайлбарыг өглөө.

“Монгол Улсын хэмжээнд 130 мянга гаруй барилга ашиглагдаж байна. Жилд 1,000-1,500 барилга шинээр ашиглалтад ордог. 1970 оноос өмнө буюу газар хөдлөлийн бат бэхийн норм норматив гараагүй байхад баригдсан барилгууд бий. Улаанбаатар хотод буй барилгуудын 8.7 хувь, орон нутагт 17.6 хувь нь газар хөдлөлийн бат бэхийн норм батлагдаагүй байх үед баригдсан. Газар хөдлөлтийн эрсдэл өндөртэй, тэсвэржилтийн шаардлага хангахгүй барилга орон нутагт их буюу 16.6 хувь, Улаанбаатар хотод 2.1 хувь байна.

2016-2020 онд мэргэжлийн хяналтын байгууллага газар хөдлөлтийн тэсвэргүй 3,820 барилгад иж бүрэн шалгалт хийсэн. Буулгах, дахин төлөвлөлтөд оруулах дүгнэлтээ гаргаж, нийслэлийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлсэн.

Өнөөдрийн байдлаар Хөвсгөл аймаг болон зэргэлдээх аймгуудад ажлын хэсэг гарч, үзлэг шалгалт хийж байна. Хөвсгөл аймгийн Ханх суманд сургууль болон Засаг даргын Тамгын газрын байрны хана цуурсан, шавар, замаск унасан тухай зураг, мэдээлэл ирсэн. Мөн аймгийн төвд долоон орон сууц болон жижиг барилгуудад дээрх гэмтэл үүссэн. Бусад аймагт барилгад эвдрэл гэмтэл гарсан тухай мэдээлэл ирээгүй. Гэхдээ үзлэг шалгалт үргэлжилж байна. Улаанбаатар хотод мөн ажлын хэсэг гарч, үзлэг хийж байгаа” гэлээ.

Мөн “Манай улсад барилга байгууламж барих, ашиглахтай холбоотой төлөвлөлтийн хоёр норм дүрэм бий. Ашиглагдаж буй барилга байгууламжийн газар хөдлөлийн бат бэхийг шалгах дөрвөн аргачлал бий. Тухайн барилга газар хөдлөлийн хэдэн баллын бүсэд баригдаж байгаагаас шалтгаалан зураг төслийг боловсруулдаг. Мэргэжлийн хяналтаас шалгахдаа зураг төсөл нь норм дүрмийн дагуу хийгдэж үү, барилга зургийн дагуу баригдаж байна уу гэдгийг л шалгадаг” гэв.

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!