2024.04.25, Thursday
spot_img
НҮҮРУлс ТөрЯлагч нь У.Хүрэлсүх

Ялагч нь У.Хүрэлсүх

УИХ-ын найм дахь удаагийн сонгуулийн санал хураалтын дүн зургадугаар сарын 24-нд гарч, МАН-62, АН-11, МАХН болон Зөв хүн Электрот тус бүр нэг, Н.Алтанхуяг бие дааж ялалт байгуулснаар үнэмлэхүй олонхтой парламент дахин бүрэлдлээ. Өөрөөр хэлбэл, ард түмэн Ардын намыг улируулан сонгосон  нь эрх баригч намыг биш  Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг сонгосон хэрэг байв.

Ж.Эрдэнэбатын засгийг огцруулж, М.Энхболдын жаран тэрбумын дуулианы улмаас  суудлаас нь огцруулсан У.Хүрэлсүх засгийн болон намынхаа эрх мэдлийг авахдаа улс төрд хийгээд Ардын намд цэвэрлэгээ хийхээ амлаж байв. Тэрбээр хэлснийхээ дагуу жаран тэрбумд болон ЖДҮ-д нэр холбогдсон 22 хүнийг нэр дэвшүүлэхээс татгалзсан нь ард түмнээс авах эхний оноо болсон гэхэд буруудахгүй. Эсрэгээ С.Эрдэнэ нам дахь бүлэг, фракциудынхаа эрх ашгийг хангахад үйлчилсэн нь түүний л ялагдлын шалтгаан болсон байж ч мэднэ. Ямар ч байсан сурталчилгааны өдрүүдэд У.Хүрэлсүх бүх нүүдлээ өөртөө авсан бол С.Эрдэнэ “дуглаж” ч чадалгүй тахимаа өргөсөн. Р.Амаржаргалыг Ерөнхий сайд болгоно гэсэн мэдээлэл олон нийтэд эерэг оноо болж очиж чадаагүйгээр барахгүй өөрийгөө, намаа ялна гэдэгт итгэлгүй байгааг харуулсан үг, үйлдэл болсон билээ.

Ядаж л хотынхоо нэр дэвшигчдийн тойрогт намын даргын хувиар дэмжлэг үзүүлэхийг С.Эрдэнэ хүсээгүй бол эсрэгээрээ У.Хүрэлсүх 29 тойргийг 22 хоногт “эргэсэн”.

Ийнхүү Монгол Улсын Ерөнхий сайдаар хоёр дахь удаагаа ажиллах боломж У.Хүрэлсүхэд оногдож байна. Үүний өмнө Ц.Элбэгдорж, С.Баяр хоёр Монгол Улсын Ерөнхий сайдаар хоёр удаа томилогдож байсан түүхтэй. Тэр Монгол Улсын түүхэнд үлдэх Ерөнхий сайд болохыг хүсдэг. Түүнд шинэ Үндсэн хуулиар том эрх мэдэл олгосон. Тэгэхээр гучин нэг дэх Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн нүүдлээс Монгол ялах, ялагдах эсэх нь шийдэгдэх эгзэгтэй мөч иржээ. Нэн ялангуяа тусгаар тогтнол, Үндэсний аюулгүй байдлаа хамгаалж үлдэх хамгийн чухал үе ирсэн. Өөрөөр хэлбэл, У.Хүрэлсүх түүхэнд үлдэх нь тодорхой. Гагцхүү ямраар вэ гэдгийг цаг хугацаа харуулах биз.

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!