УИХ дахь Ардчилсан Намын бүлгээс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Тус намын дарга С.Эрдэнэ “Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн сурталчилгааны ажил ид дундаа явж байна. Сурталчилгааны үйл явцаас ажиглахад АН-ын хувьд амжилттай өрсөлдөж байна.
Улс орны нийгэм, эдийн засгийн нөхцөл хүнд байгааг хаа хаанаа мэдэж байгаа. Өнөөгийн эрх баригчид цар тахал, сонгуулийн асуудлуудаас бусад нийгэм эдийн засгийн асуудлыг үндсэнд нь орхигдуулсан байдалтай явж байна. Улс оронд ямар ч нөхцөл байдал үүссэн Засгийн газар чиг үүргээ хэрэгжүүлж байх үүрэгтэй. Дараагийн Засгийн газар томилогдох хүртэл одоогийн Засгийн газар бүрэн эрхээ хэрэгжүүлж ажиллах ёстой. Гэвч Монгол Улсын гадаад нэр хүндийн асуудал туйлын хүнд байна. Хар тамхитай холбоотой асуудлаар Монгол Улс дэлхийн анхаарлын төвд байна. Дээрээс нь саарал жагсаалтад орсон байгаа.
Яг ийм цаг үед сонгуулийн үйл явцад дүгнэлт хийж АН-ын удирдах бүрэлдэхүүн энэ асуудлыг авч хэлэлцлээ. Бид энэ сонгуульд олонх болох нь ойлгомжтой гэж харж байгаа. Тиймээс сонгуулийн үр дүнгээр байгуулагдах Засгийн газрын бүтцийг авч хэлэлцлээ. Монгол Улсын шинээр бүрэлдэх Засгийн газрын бүрэлдэхүүнийг бид энэ долоо хоногт багтаан зарлана.
Мөн гадаад, дотоод эдийн засгийн нөхцөл байдал онцгой түвшинд хүрчихсэн өнөө үед Монгол Улсын Засгийн газрыг хэн тэргүүлэх вэ, Ерөнхий сайдын хүндтэй, хариуцлагатай үүргийг хэн биелүүлж чадах вэ гэдэг асуудлыг мөн авч хэлэлцсэн. Намын даргын хувьд АН олонх болсон тохиолдолд Р.Амаржаргалыг дараагийн Ерөнхий сайдад нэр дэвшүүлж ажиллуулах нь зүйтэй гэдэг санал гаргасан. АН-ын удирдах бүрэлдэхүүн миний энэ саналыг санал нэгтэйгээр дэмжсэн.
Ингээд УИХ-ын найм дахь удаагийн сонгуульд АН амжилттай оролцох нь ойлгомжтой байгаа. Тиймээс дараагийн Засгийн газрын тэргүүн, Ерөнхий сайдад Р.Амаржаргалын нэрийг дэвшүүлэх албан ёсны шийдвэр гарсныг та бүхэнд мэдэгдэж байна” хэмээлээ.
АН-ын дэд дарга Р.Амаржаргал “АН-ын удирдлага, гишүүдээр дамжуулаад ард иргэд маань энэ намд асар их итгэл найдвар хүлээлгэж байгаа юм байна гэж ойлгож байна. АН-аас хүлээлгэж байгаа итгэл найдварыг нэр төртэй биелүүлэхийн төлөө чармайн ажиллах болно. Ний нуугүй хэлэхэд энэ мэдээг сая л сонслоо. Үүссэн нөхцөл байдал, тодорхой асуудлаар ойрын өдрүүдэд байр сууриа илэрхийлнэ” гэв