УИХ-ын “үхэрчин хүү” болсон гишүүн Ж.Энхбаярыг өмнө нь олон хүн шударга түшээ гэж итгэдэг байв.
Харамсалтай нь, тэр олны бодож байсан шиг сайн түшээ биш байжээ. Тэрбээр төсвөөс санхүүждэг сангуудаас мөнгө авсан нь баримтаар дэлгэгдэж, УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвших боломжгүй болсон. Засгийн газрын тусгай зориулалтын 29 сан байдаг.
Гэтэл УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр дөрвөөс нь зээл авчээ. Тодруулбал, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн жилийн гурван хувийн хүүтэй зээлээс “Газар Агро” ХХК, “Газарбуудай” зэрэг хамаарал бүхий компаниараа дамжуулан нийтдээ тэрбум 950 сая төгрөг авсан байдаг. Мөн Мал хамгаалах сангаас нэг тэрбум төгрөгийг “Газар Агро” ХХК нь авсан бол 0 хувийн хүүтэй “Тариалан эрхлэлтийг дэмжих сан”-гаас тэрбум төгрөг хүртжээ.
Ж.Энхбаяр нь 2003 онд Нидерланд улсын Маастрихтын удирдлагын сургуульд сурахдаа Боловсролын сангаас 6000 ам.долларын зээл авсан байдаг. Өөрөөр хэлбэл, 2003 оноос эхлэн өнөөдрийг хүртэл төрийн тусгай сангуудаас хөнгөлөлттэй зээл хүртэж, аж ахуйн нэгжүүдийнхээ үйл ажиллагааг өргөжүүлж ирсэн түүнд өчигдөр ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга “төмөр” зүүж өгсөн нь Ж.Энхбаяр сан болгон цөлмөдөг, шагнал голдоггүй гэх шүүмжлэлд өртөөд байна.