2024.10.4, Friday
spot_img
НҮҮРДэлхийБНСУ: Тахлын үеийн сонгууль

БНСУ: Тахлын үеийн сонгууль

Дэлхийг хамарсан цар тахлын үед явагдаж байгаа нэг сонгууль болох БНСУ-ын парламентын сонгуулийн талаар улс төр судлаач, Ихва эмэгтэйчүүдийн их сургуулийн төрийн бодлогын магистрант Б.Урангоогийн нийтлэлийг та бүхэнд хүргэж байна.

2020 онд дэлхийн олон улсад сонгууль явагдаж байгаагийн нэг нь БНСУ юм. Солонгосын парламентын сонгуулийн санал хураалт 4 сарын 15-нд болох бөгөөд 4 сарын 2-ноос сонгуулийн сурталчилгаа эхлэн 14 хоног үргэлжлэх юм. БНСУ-ын хувьд 51,785,079 хүн амтай төрийн гол эрх мэдэл Ерөнхийлөгчид төвлөрдөг ерөнхийлөгчийн засаглалтай улс. Ерөнхийлөгч дангаараа танхимаа бүрдүүлж сайд нар гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлж, ажлаа парламентад тайлагнана. Солонгосын парламент 300 гишүүнтэй бөгөөд ээлжит сонгууль нь дөрвөн жил тутамд тухайн жилийнхээ 4 сарын 15 нд явагддаг бол Сөүл хотын дарга, мужууд болон дүүргийн даргыг шууд сонгох орон нутгийн сонгууль нь дөрвөн жилд нэг удаа, ерөнхийлөгчийн сонгууль нь таван жилд нэг удаа тус тус болдог юм.

Энэ удаагийн сонгууль шинэ системээр явагдаж байна. 253 гишүүн нь нэг мандаттай мажоритар, 47 гишүүн нь намын жагсаалт бүхий пропорциональ системээр явагдана. Мөн сонгуулийн хуулинд орсон өөрчлөлтөөр санал өгөх насны босго 19 байсныг бууруулж 18 нас хүрсэн хүн буюу ахлах сургуулийн12-р ангийн сурагчдыг санал өгөх эрхтэй болгосон юм.  Нийт 253 тойрогт 21 улс төрийн намаас 1118 нэр дэвшигч өрсөлдөж байгаагийн 905 эрэгтэй, 213 эмэгтэй, насны ангилалаар авч үзвэл 48.2 хувь нь 50-60 насных бөгөөд нэр дэвшигчдийн дундаж нас 54 байгаа юм. Хамгийн залуу нь 1994 оны  25 настай эмэгтэй нэр дэвшигч байгаа бол хамгийн ахмад 1937 оны 83 настай байна.  Мөн эмэгтэй нэр дэвшигчид 19,1 хувийг эзэлж байна.  Сонгуулийн хуулийн дагуу эмэгтэй нэр дэвшигчдийн сонгуулийн зардлыг төрөөс  даадаг бөгөөд энэ жилийн хувьд 440 тэр бум вонийг 12 улс төрийн намд эмэгтэй нэр дэвшигчдээ дэмж гэж олгоод байгаа. Солонгос улс 2002 онд улс төр дэхь эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд “Улс төрийн санхүүжилтийн тухай хуул”-ийн 26 р зүйлд нэмэлт өөрчлөлт оруулж эмэгтэй нэр дэвшигчдийн сонгуулийн зардлыг төрөөс даадаг болсон юм. Энэ удаагийн сонгуульд улс төрийн намуудаас эрх баригч До бүро Минжү нам буюу Ардчилсан нам  нийт 253 нэр дэвшигчдээс хамгийн олон эмэгтэй нэр дэвшигч буюу 32 эмэгтэйг нэр дэвшүүлсэн бол сөрөг хүчин буюу  Мирэ тунхаб Ирээдүйн интеграци нам  26, Минсэн нам 4, Жоны нам 16, Үри гунха нам 8 эмэгтэй нэр дэвшигчийг дэвшүүлсэн байна. Нийт нэр дэвшигчийн 38% магистраас дээш зэрэг буюу докторын зэрэгтэй хүмүүс байгаа юм.

Маск, бээлийтэй сонгууль

Энэ удаагийн парламентын сонгууль дэлхийг хамарсан Covid-19 цар тахлын үед явагдаж байгаагаараа онцлог юм. Дэлхийн зарим улс орнуудад орон нутгийн сонгуулиудыг цар тахлаас болж хойшлуулж байгаа боловч ХБНГУ, Армен зэрэг олон улс сонгуулиа хойшлуулахгүйгээр хугацаанд нь явуулж байгаа. Солонгос улсад мөн адил цар тахал нь сонгуулийг хойшлуулах ноцтой шалтгаан биш гэж үзэж хугацаанд нь явуулж байгаа юм.  СЕХ дэлхий нийтээр Covid 19 тахалтай холбогдуулан нийт  сонгогчдын тоог 43,320 гэж үзэн хамгийн багадаа 58% ийн ирцийг бүрдүүлэх 25 сая сонгогчдын  маскийг бэлдэж өгөхийг засгийн газарт дэмжлэг хүсч сонгуульд оролцож саналаа өгөх ирцийг бүрдүүлэхэд ажиллаж байна.  Сонгуулийн ерөнхий хороо сонгогчдын ирцийг нэмэгдүүлэх үүднээс дуучин жүжигчдэд хандан төрөл бүрийн кампанит ажил явуулдаг уламжлалтай. Энэ жилийн хувьд цар тахлын улмаас сонгогчдын ирц буурах магадлалтай байгаа тул Сонгуулийн ерөнхий хороо урьд урьдынхаас илүүтэй анхаарч улс төр ба цэнгээнт өнгө аясыг хослуулан “No Vote No…” кампанит ажлыг зохион байгуулж байгаа юм. Мөн цар тахлын халдварыг сонгуулийн үеэр дахин дэгдээхгүйн тулд сонгогчдод зориулан тусгайлсан заавар, зөвлөмжүүдийг өгч байгаа юм. Сонгууль өгөх байр дээр хүүхдүүд дагуулж ирэхгүй байх, ирэхийн өмнө 30 секундын турш гараа угааж ирэх, маск зүүхийг сануулж байна. Санал авах байрын үүдэнд иргэдйн халуун шалгаж оруулах бөгөөд гарыг ариутгасаны дараа нэг удаагийн бээлий өгнө. Сонгогчид санал өгөхөөр дараалалд зогсохдоо нэг метрийн зайтай хүлээх, хоорондоо ярихгүй байх, дэлгэцэнд нүүрээ таниулах үед маскаа буулгаад буцаад зүүх, гэртээ очоод 30 секундын турш гараа угаах гэх мэтээр зөвлөмж өгч байна. Солонгосын сонгуульд жил ирэх тусам улс төрийн намын тогтвортой гишүүдийн тоо буурах нийгэм улс төрийн асуудал хөндсөн удаан цагаар үргэлжилдэг уламжлалт телевизийн шоунууд үеэ өнгөрөөж байгаа юм. Тийм учраас Facebook, Instagram, Youtube tv зэрэг сошиал сүлжээгээр дамжуулан улс төрийн асуудлуудыг хөнгөн хэлбэрээр олон нийтэд хүргэх арга хэрэгсэл болох политайнмент маягийн элементүүд бүхий сурталчилгаа  түлхүү явж байна.

Цар тахал нэр дэвшигчдийн сонгуульт ажилд нөлөөлж байна

Цар тахал Солонгосын эдийн засаг болон өдөр тутмын амьдралд сөрөг үр дагавраа үзүүлсээр байна. Жишээлбэл, маск иргэдэд хүрэлцэхгүй байгаагийн улмаас төрсөн оны сүүлийн тоогоор өдрийг зарлаж худалдаалж байгаа бөгөөд энэ үйл явдалтай холбогдуулан даавуун маск хийх арга зааж өгөх аянг нэр дэвшигчид тойрогтоо өрнүүлж байна. Олон нийтийн цэцэрлэгт хүрээлэн гэх мэт газруудаад ариутгалын бодис цацаж ариутгал хийх  ажлуудыг хийх зэргээр сурталчилгаагаа хийж байна. Ерөнхийлөгч Мүн Жэ Ин сонгууль болоход 15 хоног дутуу байхад бага орлоготой 14 сая өрхөд 1 сая вон хүртэлх эрхийн бичиг (ваучер) гамшигт үзэгдлийн тусламж үзүүлэхээр болсон юм.

Сонгуулийн гол амлалт, асуудлууд юу вэ?

Улс төрийн намууд орон сууц,  боловсрол, нийтийн тээвэр, сургууль, автобус, эмнэлэг, цэрэг, ажлын байр, хот төлөвлөлт, хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэсэн 10 үндсэн асуудлыг энэ удаагийн сонгуульд онцолж байгаа юм. Мөн Covid 19 цар тахал сонгуулийн томоохон сэдэв болж байна. Нийтлэлийн энэ хэсэгт Солонгосын эрх баригч болон сөрөг хүчний хоёр том намын мөрийн хөтөлбөрөөс тодруулан авч үзье.

Covid 19

Консерватив эвслээс бүрдсэн сөрөг хүчний Сэнүри буюу Мирэ Тунхаб намын хувьд одоогийн эрх баригч нам болон Мүн Жэ Ин ерөнхийлөгчийн Covid19 цар тахалаас ард иргэдээ бүрэн хамгаалж чадахгүй хэрэгжүүлж буй бодлогыг хангалтгүй байна хэмээн үзэж намын мөрийн хөтөлбөрийн хамгийн эхэнд “Covid19” цар тахалаас урьдчилан сэргийлэх хөтөлбөрийг оруулсан байна. Эрүүл мэндийн яамны харьяа БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийг агентлаг болгох, эмчилгээ сайн хийгдэж буй эмнэлгийг халдварт өвчинтэй тэмцэгч шилдэг эмнэлэгээр өргөмжлөх, цэцэрлэгийн насны хүүхдүүдийг багаас нь халдварт өвчнөөс урьдчлан сэргийлэх хичээл оруулах зэргийг мөрийн хөтөлбөртэй тусгасан байна.  Цар тахал хамгийн их дэлгэрээд буй Тэгү, Кёнбуг хотын иргэдийн олонхи нь консерватив үзэлтэй гол дэмжигчид юм. Харин эрх баригч нам болох Мүн Жэ Ин ерөнхийлөгчийн засгийн газраас хэрэгжүүлж буй гаргасан шийдвэрийг сурталчлах, дахин халдвар авагчдын тоог нэмэгдүүлэхгүйн тулд иргэдийг гэрээсээ ажлаа хийх, олон нийтийн газар явахгүй байх зэрэг  нийгмээс өөрийгөө хамгаалах аяныг хоёр долоо хоног буюу 4 сарын 19 хүртэл сунган засгийн газрын хэрэгжүүлж буй бодлогыг дэмжин ажиллаж байна.

Жижиг дунд бизнес эрхлэгчид, залуусын гарааны бизнес

До бүро Минжү нам буюу эрх баригч нам:

Аж үйлдвэрийн нөөц, жижиг дунд шинэ эрсдэлтэй бизнес эрхлэгчид болон санхүү эдийн засгийн салбарт чиглэсэн зээлийг хөнгөвчлөх бодлого хэрэгжүүлнэ. Бичил бизнес эрхлэгчдийн хөдөлмөрийн аюулгүй орчинг бүрдүүлэхтогтвортой үйл ажиллагаа явуулах чадавхыг бэхжүүлэх, бичил бизнес эрхлэгчийн тогтвортой орлогын эх үүсвэрийг бий болгох.

Шинэ эрсдэлтэй бизнес болох залуусын гарааны бизнест хөрөнгө оруулах замаар ирээдүйтэй бизнес эрхлэгчдийг олж илрүүлэх, гарааны бизнесээр дэлхийг тэргүүлдэг дөрвөн том гүрний нэг болох, дэлхийн чадварлаг боловсон хүчнийг татах, гарааны бизнес эрхлэгчдийг өндөр өсөлттэй шилдэг компани болгох ажлыг бодлогоор дэмжинэ. Мөн дэвшилтэт технологи хөгжүүлэгч компаниудад засгийн газраас дөрвөн жилийн хугацаанд 12 их наяд вон фонд үүсгэх, зээлийн нөхцөлийг сайжруулах, хууль эрх зүйн орчинг өөрчлөн шинэчлэх замаар Аж Үйлдвэрийн 4-р хувьсгалыг хөгжүүлнэ зэрэг амлалтуудыг өгөөд байна.

Мирэ Тунхаб нам

Залуусын гарааны бизнесийн эко системийг бий болгох зорилгоор “Залуучуудын гарааны бизнес харилцан туслах нийгэмлэг”ийг байгуулах, гарааны бизнесээ эхлүүлээд уналтанд орсон залууст дахин боломж олгож засгийн газрын санхүүгийн баталгаат дэмжлэгтэй нийцсэн “Дахин бизнест сорих боломж” өгөх холбоог байгуулж амжилттай явж буй салбарын хүмүүсийг холбож өгөх менторинг хөтөлбөр бий болгох, газар тарилангийн чиглэлээр бизнес эрхлэж буй залууст 3 жилийн хугцаатай сар бүр 1 сая воныг хугцааг 5 жил болгон сунгах заалтыг мөрийн хөтөлбөртөө оруулсан юм.

Өндөр настай ахмадуудын ажилгүйдэд халамжийн бодлого

Мирэ Тунхаб нам 50-иас дээш насныханд зориулан долоогоос дээш хүүхэдтэй ахмадуудад жилийн эцсийн татвараас хөнгөлөх, утасны төлбөрийг бууруулах, улсаас үнэгүй вакцинд хамруулах, имплант хиймэл шүд хийлгэхэд эрүүл мэндийн даатгалд хамрагдуулах боломжийг нэмэгдүүлэх, орон сууцны зээлд хамрагдахад улсаас хөнгөлөлт үзүүлж уян хатан нөхцөлтэй болгох зэрэг амлалт өгөөд байгаа.

Харин эрх баригч намаас ахмад настнуудад зориулсан орон сууцны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, өндөр настай иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжихийн тулд жил бүр 100 мянган ажлын байр бий болгох, тэтгвэрийн доод хэмжээг 300 мянган воноор нэмнэ. Дахин хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээг идэвхтэй болгох замаар 60 ба түүнээс дээш настай ахмад настнуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ зэргийг онцолж байна.

Гэр бүлийн хүчирхийлэл,эмэгтэйчүүдийн бэлгийн дарамт

До бүро Минжү нам:

Өнгөрсөн дөрвөн жилийн турш БНСУ-д гэр бүлийн хүчирхийлэл,эмэгтэйчүүдийн бэлгийн дарамт зэрэг гэмт хэрэг ихсэнтэй холбогдуулан гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг хамгаалах, цахимаар бэлгийн хандлага үйлдэхээс сэргийлэх арга хэмжээ авах, ажиглалтын камер импортлогч, борлуулагч болон тэдний байршил, дэлгэрэнгүй мэдээллийг агуулсан систем бий болгох ажлуудыг мөрийн хөтөлбөртөө зааж өгсөн. Мөн эдний намаас “Ухаалаг хотын нэгдсэн платформ” хэмээх хөтөлбөр дэвшүүлж эмэгтэйчүүдийг гэнэтийн халдлагаас хамгаасан аппликейшн, улс даяархи хяналтын камер, улсын онцгой байдлын газар болон байршил илрүүлэгчтэй бугуйвч зэрэг дэд бүтцийг холбосон нэгдсэн системээр эмэгтэйчүүдийг гэнэтийн халдлагаас хамгаалах ажлыг чангатгах хөтөлбөрүүдийг оруулсан. Хосуудын болзож байх үед гарах хүчирхийллийн шийтгэлийг чангатгах, хохирогчдод үзүүлэх тусгай хуулийг батлах ганцаараа амьдарч буй эмэгтэйчүүдэд зориулсан гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх,гар утсанд нь аюулгүй дохио ирэх систем суулгах гэх смарт ухаалаг тусламжийн багцаар хангахаар тусгажээ.

Байгаль орчин,агаарын бохирдол нарийн ширхэгтэй тоосонцор

Өмнөд Солонгос баруун хойноос илүүтэй салхилдаг учир Хятад болон Монголын агаарын бохирдол, нарийн ширхэгт тоос Солонгосын хойгт нэвтэрч байна гэж Өмнөд Солонгосын Байгаль орчны хүрээлэнгийн судлаачид үздэг. Агаарын бохирдол ард иргэдийн эрүүл мэндэд аюул учруулах болсон тул Өмнөд Солонгосын Засгийн газар ирэх 10 жилийн хугацаанд агаарын чанарыг сайжруулах зорилтыг дэвшүүлсэн. Тэгвэл 2 том намын мөрийн хөтөлбөртөө уг асуудлыг тусгаж өгчээ.

Юуны түрүүнд эрх баригч намын мөрийн хөтөлбөрт Байгаль орчинтой холбоотой уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй нарийн тоосонцорыг багасгахын тулд 2050 он хүртэл нүүрс төрөгчийн ялгаралтыг тэг болгосон улс болохын төлөө дунд болон урт хугацааны төлөвлөгөө боловсруулж, “Шинэ Ногоон Хэлцэл”-ийн тухай суурь хууль санаачлан батлах, Уур амьсгалын эрсдэлд бэлтгэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны хөрөнгө оруулалтыг нэмэх замаар нүүрстөрөгч бага ялгаруулдаг эрчим хүч, аж үйлдвэрийн инновацийг дэмжиж 2040 он хүртэл бичил тоосонцорын агаар дахь агууламжийг хөгжингүй орны төвшин болох 10m3 буюу 40% болгож бууруулах зэрэг тусгажээ. Харин сөрөг намууд Ассамблейн даргийн доорх нарийн ширхэгтэй тоосонцороос урьдчилсан сэргийлэх хороог тусгай хороо болгон өөрчлөх, олон улсын байгуулагуудтай хамтран ажиллах, төрийн байгууллагын машинуудыг байгальд ээлтэй машинаар солих ,агаарын бохирдол ихтэй бүс нутгийн сургуульд агаар цэвэршүүлэгч суулгах, сургуулийн автобусыг байгальд ээлтэй машинаар солих зэргийг тусгажээ. Зам тээврийн ослоос бага насны хүүхдийг урьдчлан сэргийлэх арга хэмжээг шат дараалалтай авч,төрийн албан хаагч цагдаа, гал унтраагчдийн хэрэгслийг хангах санхүүжилтийг хоёр дахин нэмэгдүүлэх, хүнд хэцүү нөхцөлд ажиллаж байгааг харгалзан үзэж цалинг 200000 воноор нэмэгдүүлэх зэргээр мөрийн хөтөлбөртөө тусгаж өгсөн байна. Ийнхүү БНСУ-ын хоёр том улс төрийн намын мөрийн хөтөлбөрийг судлан үзэхэд өөрсдийн намын сонгогчиддоо чиглүүлсэн хөтөлбөр болсон байна. Ардчилсан нам буюу До бүро Минжү намын хувьд хамгийн их дэмжигчид болох 20-50 насны залуучуудад,үйлдвэрчний эвлэлийнхэн жижиг дунд бизнес эрхлэгчид зэрэг бүлгийнхэнд илүү тааламжтай сонсогдох, тэдний дэмжлэгийг авах давуу талтай хөтөлбөрийг мөрийн хөтөлбөртөө тусгасан байна. Улсын их сургуулиудын сургалтын чанарыг сайжруулж, сургалтын төлбөрийн дарамтыг ууруулах, Аж үйлдвэрийн 4 хувьсгалын үе дэх залуучуудын хөдөлмөр эрхлэлт, жижиг дунд бизнесийг дэмжих, шинээр гэр бүл болж буй гэр бүлүүд,эмэгтэйчүүдэхүн бүрийн амьдрахыг хүсдэг хөдөө тосгоноос иргэдэд эрүүл аюулгүй хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэх зэргийг нарийн тусгасан байна.  Харин сөрөг хүчний Мирэ Тунхаб намын мөрийн хөтөлбөр иргэн бүртээ гэхээсээ илүү тэднийг дотор нь ангилж,ялгасан байдлаар бодлого хэрэгжүүлэхээр тусгажээ мэдээж өөрсдийн намын залуучууд гэхээсээ илүү өндөр настай ахмад дэмжигчидэд зориулан гаргасан хөтөлбөр давуу илт байгаа нь харагдаж байлаа. Мөн ихэнх заалт нь эдийн засгийг дэмжихэд чиглэсэн “Найдвартай эдийн засаг” цогц багц хөтөлбөрийг зарласан байна.

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!