2024.12.11, Лхагва
spot_img
НҮҮР1СЕХ “Сонгууль хүчинтэй” гэж солиорохоо болино уу!

СЕХ “Сонгууль хүчинтэй” гэж солиорохоо болино уу!

Өнгөрөгч бямба гаригт УИХ-ын 18, 28 дугаар тойрогт явуулсан нөхөн сонгуулийн нэмэлт санал хураалтын дүн гарлаа. Аравдугаар сарын 10-ны өдөр явуулсан эхний санал хураалтаар хоёр тойргийн сонгогчдын ирц хуульд заасан босго буюу нийт сонгогчийн 50 хувьд хүрээгүй (Хэнтий аймаг 34 хувь, Сонгинохайрхан дүүрэг 38 хувьтай) тул СЕХ-ноос дахин санал хураалт зарласан билээ. Ингээд хоёр удаагийн санал хураалтын нийлбэр дүн Хэнтий аймагт 46,65 хувь, Сонгинохайрханд 48,89 хувь буюу дахиад л хуульд заасан босгыг давж чадсангүй. Сонгинохайрханы 28-р тойргийн 26 хорооны 14-т нь, Хэнтийн 18-р тойрогт багтдаг 18 сумын долоод нь сонгогчийн ирц 50 хувьд хүрсэнгүй.

Сонгуулийн үр дүнгийн талаар СЕХ албан ёсны мэдээлэл хийгээгүй боловч тус байгууллагаас өчигдөр хэвлэлийн албаараа дамжуулан хэвлэл мэдээллийн байгууллагуудад өгсөн урьдчилсан дүн мэдээндээ “Нэмэлт санал хураалтанд ирц хамаарахгүй” гэсэн тайлбар, зүүлтийг дагуулсан нь анхаарал татав. Ингэхдээ, УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 78.5 буюу “Нэмэлт санал хураалтад орсон нэр дэвшигчдээс хамгийн олон санал авсан, үлдсэн мандатын тоотой тэнцүү тооны нэр дэвшигчийг Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцно” гэснийг үндэслэл болгож, “сонгогчийн ирц хүрээгүй нь сонгуулийн үр дүнд нөлөөлөхгүй” хэмээн тайлбарлаж байгаа юм  байна. Хэрэв тийм бол СЕХ анхнаасаа ямар шалтгаанаар нэмэлт санал хураалт явуулсан байж таарах вэ? Нэг зүйлийг тодруулахад УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 78-р хэсэгт (Нэмэлт санал хураалт явуулах) хоёр асуудлыг зохицуулсан байдаг. 78.1-д “Нэр дэвшигчдийн авсан санал тэнцсэн тохиолдолд тухайн нэр дэвшигчид дээр нэмэлт санал хураалт явуулах”, 78.2-т “санал өгсөн сонгогчийн ирц нийт сонгогчийн 50 болон түүнээс дээш хувьд хүрээгүй тохиолдолд” гэсэн ийм хоёр үндэслэлээр нэмэлт санал хураалт явуулахаар зохицуулсан байна. Саяны тохиолдолд хоёр тойргийн аль алинд санал тэнцсэн тохиолдол гараагүй. Сонгогчийн ирц хүрээгүй гэдэг үндэслэлээр СЕХ-ноос дахин санал хураалт явуулсан билээ.

Дээр хэлсэн 78.5-р зүйл бол сонгогчийн ирц бүрдсэн боловч нэр дэвшигчийн санал тэнцсэн тохиолдолд ялагчийг яаж тодруулах вэ гэдэг зохицуулалт. Угаасаа өмнөх санал санал тэнцсэн учраас нэмэлт санал хураалтын үр дүнгээр ялагчийг тодруулах нь зүй. Тэгэхээр хуулийн энэ зохицуулалт нь энэ удаагийн нөхөн сонгуулийн үр дүнтэй огт хамааралгүй заалт. Харин 78.4-д “Нэмэлт санал хураалтанд оролцсон сонгогчийн ирц, саналыг тоог эхний санал хураалтад оролцсон сонгогчийн ирц, саналын тоо дээр нэмц тооцно” гэсэн нь сая явуулсан дахин санал хураалттай, сонгуулийг хүчинтэй болгохын тулд сонгогчийн ирцийг яаж бүрдүүлэх вэ гэдгийг зохицуулсан заалт. Гэвч харамсалтай нь хоёр удаагийн санал хураалтаар сонгогчийн ирц бүрдсэнгүй. СЕХ энэ тохиолдолд ямар шийдвэр гаргах ёстой вэ, түүнийгээ л хийх ёстой. Түүнээс биш эрх баригчдын ташаалд нийцүүлсэн элдэв тайлбар хийгээд байх шаардлагагүй. Сонгууль чинь угаасаа хүчингүй болчихлоо.

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!