2024.12.11, Лхагва
spot_img
НҮҮР1Л.Оюун-Эрдэнэ, С.Одонтуяа хоёрын хэн нь худлаа ярив!

Л.Оюун-Эрдэнэ, С.Одонтуяа хоёрын хэн нь худлаа ярив!

Засгийн газрын 100 хоногийн тайлангийн хурлын үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ  “Нэг ч вакцин татан авахгүй, нэг ч вакцин үйлдвэрлэж чадахгүй хэр нь битгий гай бол гэж хэлмээр байна. Энэ зүйл дээр ч гэсэн манай зарим улстөрчдийн хариуцлаггүй үйлдэл нөлөөлсөн байна. Вакцины татан авалтад нөлөөлсөн байна. Цар тахлын хажуугаар би улстөржихгүйг хичээж ирсэн. Асар их тэвчээр гаргаж явж байна. Гэхдээ би бас нэг их тэвчээд яваад байдаг хүн ч биш. Би ажлаа л хийж байна. Шаардлагатай бол тэр УИХ-ын гишүүдийн нэрийг зарлана гэж бодож байна” гэж өмнө нь мэдэгдэж байсанчлан УИХ-ын дэд дарга С.Одонтуяаг нэрлэлээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Вакцинжуулалттай холбоотой асуудлыг улстөржүүлсэн явдал гарсан. Асуудлыг хурцатгаад яахав гээд би тухайн үедээ дуугүй л байсан. Үүнд нэлээд онцгой үүрэг гүйцэтгэсэн хүн бол УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, түүний гэр бүлийн хүн Г.Өлзийбүрэн нар байсан. Зарим сэтгүүлчидтэй холбогдож, мөн гаалийн байцаагч нар руу залгаж дарамталсан асуудал гарсан. Төрийн өндөр дээд албан тушаалтан эрх мэдлээ урвуулан ашиглаж болохгүй гэдэг хатуу байр сууринаас түүний нэрийг хэлж байна. Уг асуудлыг хуулийн байгууллагаар шалгуулна. УИХ-ын дэд дарга хүн гаалийн байцаагч нар руу утасдаж, гаалиар ийм бараа оруулж ирнэ, ирэхгүйг заадаг байж болохгүй.

Эсвэл нөхөр нь шүүх хяналтын байгууллага руу холбогдож, Засгийн газраас явуулж байгаа үйл ажиллагааг гуйвуулж, зөвлөгөө өгч, санхүүжүүлээд яваад байж болохгүй. Ёсзүйд таарахгүй. Хувь хүний эрх чөлөө байж болно. Миний хувьд С.Одонтуяа гишүүнийг их хүндэлдэг. Гэтэл маш их харамсмаар үйл явдлыг тэр хүн нөхөртэйгээ гаргасан. Энэ бол зөвхөн Л.Оюун-Эрдэнийн асуудал биш. Цар тахал шүү дээ.

Нэг ширхэг ч вакцин оруулж ирж чадахгүй, нэг вакцин ч үйлдвэрлэж чадахгүй байж битгий вакцин судлаач бол. Бид ийм үед хатуу байхаар өөр гарцгүй. Ялангуяа ҮАБЗ-тэй холбоотой энэ асуудалд тангараг өргөсөн төрийн түшээд туйлын хариуцлагатай байх ёстой.

Ерөнхий сайдын мэдээгдлийн дараа УИХ-ын дэд дарга С.Одонтуяа нүүр номоороо дамжуулан хариулт өгсөн юм.

УИХ-ын дэд дарга С.Одонтуяа: Вакцины татан авалт бол 100 хувь Засгийн газрын асуудал бөгөөд үүнд хэн ч нөлөөлж чадахгүй. Сөрөг хүчний үүднээс Засгийн газрыг 100 хоногт ард иргэдээ хамгаалж чадахгүй ковид-19-ийн халдварын улмаас 170 хүний алтан амь эрсэдсэн асуудлаар шүүмжилсний төлөө ийм хариуцлагагүй худал мэдэгдэл хийсэнд би маш их харамсаж байна. Хуулийн байгууллагаар шалгуулж тогтоолгоно.

Эндээс харахад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дэд дарга С.Одонтуяа хоёрын хэн нэг нь худлаа ярьж байна гэсэн үг. Харин хэн нь худалч болохыг шүүх тогтоох биз. Учир нь, тэд хоёулаа шүүхэд хандсанаа мэдэгдсэн билээ. 

А.Анар

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!