2024.04.20, Saturday
spot_img
НҮҮР3Энэтхэгийг бурхан өршөөг: Pray for India!

Энэтхэгийг бурхан өршөөг: Pray for India!

Цар тахлын гамшиг Энэтхэг улсыг үхэлд живүүлж байна.  Өдөр бүр  300 мянга гаруй хүн  шинээр халдвар авч, нэг хоногт 2000 гаруй хүн нас барж байна. Гэхдээ энэ нь зөвхөн албан ёсны тоо.  Нас барсан хүмүүсийн тоо зөвхөн үүгээр хязгаарлагдахгүй болохыг олон улсын хэвлэлүүд мэдээлж байгаа юм.  Тодруулбал,  шинжээчид эдгээр тоо вирусийн тархалтын бодит байдлын зөвхөн нэг хувийг илэрхийлнэ гэж мэдэгджээ. Энэтхэгт мутацид орсон шинэ коронавирусын аюул заналхийлж, улс орнууд тус улсаас ирж буй зорчигчдод хатуу “хөл хорио” тогтоохоо мэдэгдээд эхэллээ. Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон тус улсад айлчлахаар төлөвлөж байснаа энэ долоо хоногийн эхээр цуцалж, Энэтхэг улсыг хилийн хоригийн “улаан жагсаалт”-даа оруулжээ. Эх орон нь цар тахалд сүйрч байхад Энэтхэгийн баячууд нутгаа орхин хувийн онгоцоор дүрвэж эхэлжээ. Ядуус нь гудамжинд амь тавьж, эмнэлгүүдийн гадаа дугаарлаж суухдаа иргэд нь амиа алдах нь хэвийн үзэгдэл болжээ.

Эд тэндгүй шарилын утаа хаа суунаглаж, Дели хот тэр чигтээ хиншүү хярвасанд автав.   Нэг тэрбум 400 сая хүн амтай асар том үндэстэн цар тахлын өмнө бууж гараа өргөөд бууж өгөхөд хүрсэн нь  Нарендра Модигийн хөл хорио тогтоогоогүйгээс болсон гэж ард иргэд нь буруутгаж буй юм байна.  Энэтхэгийн баруун хэсэгт орших Гужарат мужийн Ахмедабад хотын шарил чандарлах газарт тод улбар шар өнгийн гал шөнийн тэнгэрийг гэрэлтүүлж, зуух нь хайлж, ачааллаа дийлэхгүйд хүрчээ.  Тэнд ажилладаг Суреш Бхай гэх энэтхэг эр хэзээ ч ийм эцэс төгсгөлгүй үхлийн цуваа харж байгаагүй тухай хэвлэлд ярьсан байна. Хэдэн сарын өмнө Энэтхэг улс цар тахлыг давж гарснаа зарлаж байв. Гэвч хөл хориог хэт зөөлрүүлж, иргэд, төргүй наазгайрснаас болж энэтхэгчүүд цар тахлын золиос болж байна гэж олон улсын шинжээчид дүгнэж буй юм. Энэтхэг улсын ерөнхий сайд Нарендра Моди коронавирусийн энэ удаагийн дэгдэлтийг “хар шуурга”-тай зүйрлэжээ. Тэрбээр “Манай улс өнөөдөр Covid-19 өвчинтэй маш том дайн хийж байна. Нөхцөл байдал өмнөхөөсөө сайжрах шинж ажиглагдаж байгаа ч хоёр дахь давалгаа биднийг шуурга мэт ниргэлээ” гэж тэр ярьжээ.

Моди бас цар тахалд ойр дотны хүмүүсээ алдсан иргэдээсээ уучлал гуйж, хүнд хэцүү цаг үеийг нэгдсэн зохион байгуулалттай, нэг санаа сэтгэлтэй давж туулахыг уриалсан байна.

Хэдийгээр Энэтхэг улс вакцин үйлдвэрлэж, гадаадыгн орнуудад нийлүүлж байгаа ч өөрийнхөө хүн амын дөнгөж 10 хувийг л дархлаажуулалтад хамруулжээ. Гэхдээ тэд дэлхийн 71 оронд 58 сая тун вакцин бэлэглэсэн байна.

Монголд хамгийн түрүүнд гараа сунгаж, вакцин бэлэглэсэн улс бол Энэтхэг. Энэтхэг улсаас өгсөн  астразенека вакцинаар Монголын Засгийн газар 150 мянган иргэнээ вакцинжуулсан. Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П Сингх “Энэтхэг Улс COVID-19-ийн эсрэг вакциныг бидний “оюун санааны хөрш”, “стратегийн түнш” Монгол Улсад өгч байгаа анхны улс болж байгаадаа баяртай байна. Энэтхэг улс нь эхний ээлжинд 6.3 сая тун вакциныг 13 найрсаг түнш оронд бэлэглэж буй бөгөөд энэ нь бидний зүрх сэтгэлийн холбоо, найрсаг харилцаахамтын ажиллагааны илэрхийлэл болохын зэрэгцээ “Act East” бодлогод Монгол Улсын чухал ач холбогдлыг харуулж байгаа юм” гэж мэдэгдэж байв.

Монголчууд “тэнүүн явахад тэмээгээр тусласнаас тэвдэж явахад тэвнээр тусла” гэж хэлэлцдэг.  Хүнд хэцүү үед иргэдээсээ вакцин илүүчилсэн энэтхэгчүүдэд туслах аянг иргэд өрнүүлж эхэллээ.

Өөрсдөө хүнд хэцүү байгаа ч Монголын хүн амыг дархлаажуулахын тулд байгаа бүхнээсээ харамгүй өгсөн Энэтхэг улсыг бурхан өршөө.  #PrayforIndia.

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!