Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулах үеэрээ ард түмэнд тарааж өгөх мөнгө байхгүй гэв.
Тэрбээр “Мөнгө төгрөг байдагсан бол ард иргэдээсээ, үр хүүхдүүдээсээ, өвгөд хөгшидөөсөө Засгийн газар харамлах зүйл байхгүй. Харамсалтай нь бидний боломж нөхцөл хязгаарлагдмал байгаа. Сайн сайхан зүйл ярьж болно. Хэдэн саяыг өг, тэдэн саяыг өг л гэж байгаа. Үнэндээ тийм мөнгө байхгүй. Эсвэл ард иргэдээ хуурч цаасан мөнгө хэвлэх юм уу. 2012-2016 онд найман их наяд төгрөгийн цаасан мөнгө хэвлэж зах зээлд гаргасан. Түүнээс болж юмны үнэ өссөн. Цаасан мөнгө хэвлэж гүйлгээнд гаргаж болохгүй. Энэ бол ард түмний амьдралыг дэмжиж байгаа асуудал биш. Эргээд маргааш нь талх, мах, тог цахилгааны үнэ нь овойж оцойтлоо өснө. Энэ бол хамгаалалт биш. Ард түмнийхээ амьдралыг, улсынхаа эдийн засгийг хоролж байгаатай асуудал. Тийм учраас бид нар бодит зүйл дээр арга хэмжээ авч, ард түмнийхээ амьдралыг дэмжих нь зүйтэй гэж үзэж байна” гэсэн юм.
Цар тахлын үеэр дэлхийн 55 гаруй улс иргэддээ бэлэн мөнгө, ваучер, купон тараах байдлаар дотоодын хэрэглээ, худалдах авах чадвараа дэмжээд байна.