Сүүлийн 24 цагт 10109 хүнд шинжилгээ хийхэд ковид-19-ийн халдвараар шинээр 1264 өвчилсөн нь батлагдлаа. Ингэснээр улсын хэмжээнд халдварын нийт тохиолдол 27956 болсон байна. Ковид-19-ий улмаас 56-94 насын найман хүн нас барлаа. Тэдний нэг нь гэрээр эмчлүүлж байгаад нас барсан бол бусад нь эмнэлэгт тусгаарлагдан эмчлүүлж байхдаа нас барсан байна. Цар тахлын шалтгаант нас баралт нийт 69 боллоо.
Үүнээс гадна 486 хүн эдгэрсэн байна. Нийт эдгэрсэн хүний тоо 14258 боллоо. Халдварын улмаас нэн хүнд хэлбэрээр нас барах тохиолдол 2-4 долоо хоногийн дараа гарч ирдэг.
“Өнөөдрийн нас баралтууд 2-4 долоо хоногийн өмнө халдвар авсан хүмүүс байна. Одоогоор нийт нас баралтын ихэнх тохиолдол эмнэлэгт, 20 хувь нь гэрт бүртгэгдсэн. Гэртээ нас барж байгаа тохиолдлуудад шинж тэмдэг илэрсэн хэдий ч эмнэлэгт хандаагүйгээс хүндэрч байна. Нас баралтуудыг авч үзэхэд архаг хууч өвчтэй хүмүүс халдвар авч, улмаар хавсарч нас барч байна” гэж ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч мэдээлэв.
Д.ШООВДОР