Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 1340 хүнээс коронавирусийн халдвар илэрчээ. Үүнээс орон нутагт 119 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна. Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн коронавируст халдварын тохиолдол нийтдээ 21995 боллоо. Мөн гурван хүн нас барж, нийт нас баралтын тоо 44 болсон харамсалтай мэдээ байна.
Улаанбаатарт бүртгэгдэж байгаа халдварын тохиолдлууд 150 гаруй хороог хамарч байгаа бөгөөд орон сууцны хорооллуудаас ихэвчлэн илэрч байгааг ЭМЯ-ын хэвлэлийн төлөөлөгч анхааруулав. Тиймээс байрны гадаа хүүхдүүдээ тоглуулах, удаан хугацаанд салхилах, дэлгүүрээр ойр ойр үйлчлүүлэх зэргээс болгоомжилж, зөвхөн шаардлагатай тохиолдолд халдвар, хамгааллын дэглэмээ барин зөвшөөрөгдсөн орчинд гарахыг анхааруулж, сэрэмжлүүлж байна.
А.АНАР