АН-аас долоо хоног бүр хүргэдэг 4/11 мэдээллийн цагт тус намын дарга М.Тулгат, намын генсек Ч.Өнөрбаяр нар хүний эрхийн эсрэг үйлдэгдэж буй хүчирхийллийг зогсоох #МeToo хөдөлгөөний талаарх байр сууриа илэрхийллээ.
Ардчилсан намын дарга М.Тулгат“Хүчирхийллийн эсрэг МeToo хөдөлгөөн нийгэм даяар өрнөж байна. Нэр бүхий УИХ-ын гишүүн холбогдсон асуудал бий. Шүүхээр гэм буруутайг нь тогтоогоогүй байхад хэнийг ч буруутан гэж үзэж болохгүй гэсэн байр суурь дээр АН зогсоно. Гэхдээ хуулийн өмнө хүн бүр тэгш эрхтэй байх ёстой. УИХ-ын гишүүн ч бай хэн ч гэсэн хууль шүүхээр шалгуулж гэм буруугаа тогтоолгох хэрэгтэй. Хуулийн байгууллага ямар нэгэн нөлөөнд автахгүйгээр үнэн зөвийг тогтооно гэдэгт найдаж байна.
2015 онд Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин Эрүүгийн хуулийн 12.4-д ажлын байран дахь бэлгийн дарамтын асуудалд эрүүгийн хариуцлага тооцох заалт хуульд оруулж байсан. Гэтэл 2017 онд МАН сонгуулиар ялсаны дараа энэ заалтыг хассан.
Тиймээс өнөөдөр бэлгийн дарамт үзүүлж буй этгээдүүд эрүүгийн хариуцлага хүлээхгүй, зөрчлийн хариуцлага хүлээдэг. Манай улсад хохирогч өөрөө хохироод үлдэх тохиолдол байна. Судалгаагаар нийт эмэгтэйчүүдийн 79.6 хувь нь ажлын байран дахь бэлгийн дарамтыг мэдэрдэг гэж хариулсан” гэлээ.
Ардчилсан намын Ерөнхий нарын бичгийн дарга Ч.Өнөрбаяр “УИХ-ын гишүүд гэмт хэрэгт шалгагдаад, нийтийн зүгээс хуулийн байгууллагад гомдол гаргаж байгаа тохиолдолд иргэний хувьд шалгагдах ёстой. Заавал Улсын ерөнхий прокурор бүрэн эрхийн түдгэлзүүлэх асуудал тавьдаг байх шаардлагагүй баймаар байгаа юм. Хуулийн байгууллагаар чирүүлээд, гулдчуулаад шалгуулдаг байх ёсгүй.
Гэм буруугүй бол УИХ-ын гишүүд яагаад өөрсдөө бүрэн эрхээсээ татгалзаад шалгуулаад ороод ирж болохгүй гэж. Бүрэн эрхээсээ түдгэлзэнэ гэдэг нь өнөөдөр УИХ-ын ажлаасаа болино гэсэн үг биш шүү дээ. Халдашгүй байдлаасаа түдгэлзээд бүрэн шалгуулчаад, үнэхээр гэм буруугүй байвал буцаад ажилдаа орох боломж нь байна. Энэ соёл руу яагаад явж болохгүй байгаа юм бэ” гэсэн юм.
Д.ШООВДОР