Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, дөрөвдүгээр сарын 10-25-нд буюу 15 хоногийн хугацаанд хөл хорио тогтоохоор боллоо.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Энэ амаргүй үед эдийн засгийн эргэлтийг зогсоох нь туйлын хүндрэлтэй тул иргэн бүрд 300 мянган төгрөгийн нэг удаагийн тусламжийг олгохоор боллоо. 2021 оны хоёрдугаар сарын 25-нд төрийн санд 229.7 тэрбум төгрөг төвлөрсөн. Энэ нь Оюу толгойгоос татварт төвлөрүүлэх ёстой байсан мөнгө. Гуравдугаар сарын 4-нд 419.1 тэрбум, 30-нд 365.5 тэрбум төгрөг буюу нийт 1 их наяд 26.5 тэрбум төгрөг Төрийн санд төвлөрсөн.
Засгийн газраас баялагтаа эзэн байх зорилтыг дэвшүүлж байгаагийн хувьд болон вакцинжуулалтаа үр дүнд хүргэж, эдийн засгаа тогтвортой нээхийн тулд, иргэдээ хөл хорионы хугацаанд сөхрөөхгүйн тулд уг эх үүсвэрээ иргэн бүрдээ зориулах нь шударга ёсонд нийцнэ” гэв.
Сангийн сайд Б.Жавхлан: 3.3 сая иргэндээ өнөөдрөөс эхлэн 300,000 төгрөгийн санхүүгийн дэмжлэг олгоно. Иргэдийн дансанд 7-10 хоног үргэлжлэх ч аль болох богино хугацаанд арилжааны банкуудаар дамжуулан зохион байгуулна. Мөнгийг бэлэн платформуудаар буюу хүүхдийн мөнгө, тэтгэвэр авдаг данс, 1072 авдаг хувьцааны данс гэх дансаар банкуудаар дамжуулан олгох ажил өнөөдрөөс эхэлнэ. Аль болох хурдан хугацаанд нийт иргэддээ түгээхээр ажиллана.