2024.04.26, Friday
spot_img
НҮҮР1Цүнх баригчдын загалмайлсан эцэг ба МЕГА төсөл

Цүнх баригчдын загалмайлсан эцэг ба МЕГА төсөл

“Эрдэнэс Тавантолгой” ХК хоёр их наядын бонд гаргана. Эхний ээлжинд 600 тэрбум төгрөг дотоодын зах зээлээс татна. Гурван үе шаттай бондын санхүүжилтийг зарцуулах эрх мэдэл гүйцэтгэх захирал Б.Ганхуягт бий ч Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө гэдгээрээ анхаарал татаж байна.

Эрх зүйч, улс төр судлаач мэргэжилтэй тэрбээр Монголын хамгийн баян төрийн өмчит компанийн захирал болсон түүхэн замнал нь эдийн засаг, бизнесийн туршлагаас илүү  олон оюутан намд элсүүлэх, цүнх баригчдын арми бэлтгэхэд үнэтэй хувь нэмэр оруулсантай нь холбоотой. Одоо тэдний арми нам, намд хуугаараа бий.

Тэдний онцлог шинж нь хуулийг уландаа, даргыг шүтээндээ тээх чадвартай.

Үе үеийн оюутны холбоог автобусны картын бизнес хийх, эрх баригч намд элсүүлэх, элдэв жагсаал цуглаанд оролцуулах ажлыг ур чадвартай гүйцэтгэж чадахаас эрдэм боловсролын чанар, оюутны нийтлэг эрх ашгийн төлөө жинтэй дугарсан, мөртэй ажилласан ерөнхийлөгч байхгүй гэлцдэг. Худлаа гэвэл оюутны талбайгаа хар, төлбөртэй машины зогсоол. Оюутны холбооны байраа хар, мөнгө хүүлдэг газар ажиллаж байгаа. Том цүнх, тод зангиа зүүсэн дийлэнх оюутны холбооныхон мэргэжил, боловсролоороо ажиллахаа урьдал болголгүй улс төрийн намд элсэх хэрээр намуудын дэргэдэх оюутан, залуучуудын байгууллагын тоо нэмэгдсэн байдаг.

Оюутны холбооны данс тооцоог цэгцэлдэг эчнээ ажилтнаа төрийн өмчит компанийн нягтлангаар, мөн холбоонд удирдах алба хашиж байсан нутгийн дүүгээ зөвлөхөөр гээд цохоод байвал Б.Ганхуяг захирлын бараа бологсод 2.5 сая хувьцаа эзэмшигчтэй компаниар дүүрэн бий.

Оюутны холбооны оногдсон төсвийг үрдэг тусгай арга барилаараа олон хувьцаа эзэмшигчтэй компанийн хөрөнгөөс 883 тэрбум төгрөгийг 2019 онд “маш нууц” төмөр замын төсөлд зарцуулсан. Уг ажлыг гавишгай гүйцэтгэсэн цүнх баригчдын загалмайлсан эцгийг “загалмайлсан эцэг” кинонд дуртай төрийн тэргүүн маань 2020 онд аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор мялаажээ.

МЕГА төсөл: “Маш нууц” төмөр замууд

Ном, сударт аливаа бизнес төслийн техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ) бодитой бас ашигтай бол хугацаа урт, хүү бага санхүүгийн хөшүүрэг ашиглах талаар байгаа. Харин өндөр хүүтэй, богино хугацаатай бондын хөрөнгөөр МЕГА төслүүдийг санхүүжүүлэх эрдэм, зориг цүнх баригчдад байдаг бололтой. Эдгээр төсөлд эртний сайхан дуусашгүй түүхтэй төмөр замын төслүүд багтсан. Нэг нь зөв чигт баригдаад л байгаа Тавантолгой – Гашуунсухайт. Нөгөө нь буруу чигт баригдаж байгаа Тавантолгой – Зүүнбаянгийн төмөр замын “маш нууц” төслүүд.

2011 онд Тавантолгой – Гашуусухайт чиглэлийн төмөр зам 600 сая ам.долларт босох байж. Төрөөс, төрийн өмчит компаниас төсөв, хөрөнгө гарахгүй байж. Хувийн хэвшил нь өөрсдөө барьж, ашиглаад эрсдлээ үүрээд 25 жилийн дараа төрд үнэгүй өгөх нөхцөлтэй байж. Гэтэл 2012 оны сонгуулийн дараа төмөр зам судлаач суут салбарын сайд нь шавар хаасан байдаг.

Оронд нь бид овоолсон шороо, зөрсөн амтай дуусч өгдөгүй төсөлд 280 сая ам.доллар зарцуулж, зээлийн хүүд нь өдөр бүр гурван өрөө шинэ байрны мөнгө төлдөг.

Өдгөө энэ төслийн өртөг 1.3 тэрбум ам.доллар буюу хоёр дахин өссөн. Дуусах хугацаа нь 2020, 2021 бишээ 2022 оны 07 дугаар сар гэж хойшилсоор МЕГА төсөл нь СЕГА тоглоом болчих вий. Энэ мэт ТЭЗҮ-гүй төсөл, гүйцэтгэх удирдлагын эдийн засгийн мэдлэг, бондын танилцуулгад итгэж хөрөнгө оруулах хувь хүн, хуулийн этгээдүүд хожим хохирох вий!

Б.НИРУН

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!