2018 онд МАН-ын эрх баригчил Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зээлийг тэгш хүртээмжтэй хувааж авсан нь баримтаар нотлогдож, 40 гаруй албан тушаалтан нэр холбогдсон. Тухайн үеийн УИХ-аас Н.Учрал, Х.Нямбаатар, Х.Болорчулуун, Г.Тэмүүлэн, Б.Саранчимэг, Л.Энхболд, Д.Дамба-Очир, Г.Солтан, Б.Ундармаа, Я.Содбаатар, Ж.Энхбаяр гээд олон гишүүн өөрийн хамаарал бүхий компанидаа урт хугацаатай, бага хүүтэй зээл авч өгч, албан тушаалаа урвуулан ашигласан нь баримтаар тогтоогдож байв. Харамсалтай нь, дөрвөөс бусад нь гэм зэмгүй үлдэж, зарим нь дахин гишүүнээр сонгогдон, зарим нь сайд, дарга болцгоосон.
ЖДҮ-гийн хэргээр УИХ-ын нэр бүхий 4 гишүүнд шүүхээс ял оноосон. Одоогоор шоронд ганцхан Д.Дамба-Очир үлдэж, бусад нь суллагджээ.
Тухайлбал, ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзоригийг 40 саяар шүүхээс торгоод өнгөрсөн. Тэрбээр гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн учраас хорих шаардлагагүй гэж шүүхээс үзсэн байдаг. Б.Батзориг ХХААХҮ-ийн сайд байхдаа өөрийн хамаарал бүхий компанидаа ЖДҮХС-гаас 3 тэрбумын зээл авсан байдаг.
ЖДҮ-гээс зээл авсан асуудлаар УИХ-ын гишүүн асан Б.Ундармаад анхан шатны шүүхээс 2 жил 6 сарын хорих ял оногдуулж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс ялыг хөнгөрүүлэн нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 40 сая төгрөгөөр торгох ял оногдуулсан.
Тэгвэл 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдөр хянан хэлэлцээд Г.Солтаныг улс төрд нөлөө бүхий этгээд эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгох гэмт хэрэгт хатгагчаар оролцон үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 3 жил хорих ял оногдуулсан. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгчийн уучлалаар шоронгоос суллагдсан.
Харин Д.Дамба-Очирт шүүхээс 3.6 жилийн ял оноосон. Тэрбээр шүүхийн анхан шатны шүүхийн энэ шийдвэрийг давж заалдаж байгаа юм байна.
А.АНАР