“Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн бага суудлын хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар маргаан үүсгэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн гишүүний холбогдох тогтоолыг хянан хэлэлцэж байгаа билээ.
Үндсэн хуулийн цэцийн бага суудлын хуралдааны бүрэлдэхүүн асуудлыг бүх талаас нь бүрэн гүйцэд, бодитой хянан үзэж, магадлан шийдвэрлэх үүднээс маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэх болсон үндэслэл, нотлох баримт, бусад мэдээлэлтэй танилцаж байгаагийн хамт мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зарим асуудлыг хэлэлцэж байна. Хуралдаанаас хянан хэлэлцэж байгаа маргаантай холбоотой шийдвэр гаргаагүй байна” гэжээ.
Энэ бол Үндсэн хуулийн цэцийн хэвлэлийн албанаас өгсөн мэдэгдэл. Өөрөөр хэлбэл, өмнөх өдөр нь буюу гуравдугаар сарын 22-ны өдөр Цэцийн бага суудлын хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Солонгын шийдвэрийг хүчингүй болгосноор Х.Баттулга нэр дэвших эрхтэй боллоо гэж Ерөнхийлөгчийн зүгээс хэвлэлийнхэнд тараасан мэдээллийг няцаасан няцаалт.
Харин энэ асуудалд нэр холбогдож, Ерөнхийлөгчийн даалгаврыг Цэц дээр гүйцэлдүүлсэн гэх хэрэгт буруутгагдаад буй Цэцийн гишүүн Ш.Цогтоо “Маргаан үүсгэсэн Цэцийн гишүүн Д.Солонгын шийдвэрийг хүчингүй болгосон” талаар хэвлэлд тодруулга өгч. Ингээд Үндсэн хуулийн цэц Ерөнхийлөгчийн улс төрийн тоглоомд албан ёсоор татагдан оржээ.
Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийг нэг удаа зургаан жилээр сонгохоор нэмэлт өөрчлөлт оруулсан Үндсэн хуулийн шинэчлэлийг өнгөрсөн 2020 оны тавдугаар сарын 25-ны өдрөөс улс даяар дагаж мөрдөж эхэлсэн. Ингэснээр зургадугаар сарын 9-нөөр бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болох Ерөнхийлөгч Х.Баттулга нэр дэвших боломжгүй болсон юм. Өөрөөр хэлбэл, өнөөдөр хүчин төгөлдөр хэрэгжиж буй эцэг хуулийн шинэчлэлт гахай бүр илүү эрхтэй биш бол Х.Баттулгад ч бас хамаатай гэсэн үг. Гэвч, Ерөнхийлөгч Х.Баттулга өөрийн гараар ёсчилсон Үндсэн хуулиа зөрчин, нэр дэвшихийн тулд Үндсэн хуулийн цэцийг хүртэл муухай харагдуулж эхлэв. Үндсэндээ хууль, шүүх, прокурор, Үндсэн хуулийн цэц гээд Ерөнхийлөгчийн самраагүй салбар, намнаагүй нам үлдсэнгүй.
УИХ-ын гишүүн Т.Доржханд өнгөрөгч нэгдүгээр сард “Үндсэн хуульд зааснаар одоогийн Төрийн тэргүүн болон өмнөх Ерөнхийлөгч нар нэр дэвших эрхгүй, үүнийг Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд тодруулж өгөх”-ийг Үндсэн хуулийн цэцээс хүссэн. Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Солонго энэ асуудлаар маргаан үүсгэж, Ерөнхийлөгчийн Тамгын газраас тайлбар хүссэн юм. Уг асуудалд тайлбар өгөхөөр Ерөнхийлөгч өөрийн биеэр Цэцэд очсоныг хуульчид “нөлөөлөх оролдлого” гэж хардаж байсан нь үнэнийн ортой байж. Х.Баттулга Цэцийн гишүүдийг өмнө “ёслуулж” байгаад тайлбар өгөхдөө “Гагцхүү Х.Баттулга л нэр дэвшиж болохгүй” гэсэн хуулийг нэхэн шаардаж буй нэг хэсэг иргэний мэдээллээр Үндсэн хуулийн цэц Үндсэн хуулиа илэрхий зөрчсөн байдлаар маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа хүртэл үүсгэсэн байгаа нь Үндсэн хуулийн суурь зарчмуудад нийцэхгүй гэж үзэж байгаа”-гаа нуугаагүй юм.
Хэвлэлүүдээр гарч буй мэдээлэлд дүгнэлт хийхэд Цэцийн гишүүн Ш.Цогтоо тамга тэмдэггүй, хуурамч албан бичиг үйлдэн, “Ерөнхийлөгч Х.Баттулгын нэр дэвших эрхтэй” гэж Цэцийн хуралдаанаар шийдвэрлэсэн гэх худал мэдээллийг тараасан бололтой.
Эндээс харвал хэргийн гол эзэн нь Ш.Цогтоо, захиалагч нь Х.Баттулга болж таарч байна. Ш.Цогтоогийн бүрэн эрхийн хугацаа 2019 оны арванхоёрдугаар сард дууссан. Түүний оронд сонгон шалгаруулалт явуулж, хуульч Ж.Эрдэнэбулган УДШ-ийн шүүгчдийн олонхын саналаар Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшсэн.
Ингээд Х.Баттулгад үйлчилж буй Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Ш.Цогтоо гэж хэн болохыг сонирхуулъя. Тэрбээр МоАХ-ны хүн, Х.Баттулга маш ойрын харилцаатай. Түүний төрсөн охин Ц.Өнөрзаяа нь Өмнөд Солонгост суугаа Монгол Улсын Элчин сайдын яаманд консулаар томилогдоход Ерөнхийлөгчийн нэр нөлөө оролцсон гэгддэг.
Олноос далд нэг, түмэнд ил нэг Үндсэн хуулийн цэц дээр өөрийн биеэр гүйж очсон Ерөнхийлөгч манах ёстой Үндсэн хуулийг манаач нараар нь ийнхүү самруулахад хүргэв. Бадарчин явсан газар балагтай гэж урьд нь ярьдаг байсан бол өдгөө Х.Баттулга явсан газар балагтай болжээ.
Тэтгэвэртээ суухын өмнө Ш.Цогтоо Ерөнхийлөгчид өрөө төлөхийн тулд манах ёстой Үндсэн хуулиа уландаа гишгэсэн нь даанч харамсалтай. Товчхондоо, Монголын хууль, шүүхийнхэн, тэр ч бүү хэл Үндсэн хуулийн цэцийн гишүүд нь өргөсөн тангарагтаа биш томилсон хүндээ ҮНЭНЧ болжээ.
Д.ШООВДОР
үндсэн хуулийн цэцийг самраад орхив оо
Solongosod suugaa konsul chine uur nertei hun bga biz dee.