Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл санаачилснаа УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж өнөөдөр /12.16/ мэдээллээ.
Одоо үйлчилж буй хуулиар өндөр насны тэтгэврийн хэмжээг сүүлийн 7 жилийн дундаж цалингаар тогтоож байгаа. Тэрээр энэ хугацааг 5 жил болгон бууруулах боломжтой гэж үзэн ийнхүү хуулийн төсөл санаачилжээ.
Ингэснээр шинээр тогтоолгох тэтгэврийн хэмжээ доод тал нь 100 мянган төгрөгөөр илүү байх нөхцөл бүрдэнэ гэж үзсэн байна.
Тэрээр өмнө нь Малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн нийгмийн даатгалаа нөхөн төлөх хугацааг нэг жилээр сунгах хуулийн төслөө өргөн барьсан. Түүнчлэн энэ мэт иргэдийн аж амьдралд бодит хэмнэлт гарахуйц 10 хуулийн төсөл санаачилж, өргөн барина гэдгээ мэдэгдсэн юм.