2024.04.18, Thursday
spot_img
НҮҮР3Ө.Ганзориг: Ах нарын 30 жилийн туршид бүтээсэн зэрлэг капитализмыг засах боломж нь...

Ө.Ганзориг: Ах нарын 30 жилийн туршид бүтээсэн зэрлэг капитализмыг засах боломж нь бидний үед байна

Эдийн засагч Ө.Ганзоригтой ярилцлаа.

-Ерөнхий сайдад эдийн засагчдаа төлөөлж хандсан захиасыг чинь мэдээллийн сайтаас харсан. санхүү, боловсрол гээд олон салбарт реформ хэрэгтэй гэсэн агуулга анзаарагдана лээ. тийм олон салбарт реформ хийхээс аргагүйд хүрчихсэн хэрэг үү?

-Шууд хэлэхэд тийм. Мэдээж би бүх эдийн засагчийг төлөөлж чадахгүй. Гэхдээ нөлөө бүхий эдийн засагчдыг төлөөлж Ерөнхий сайдад захиас бичсэн. Бидний гол асуудал бол засаг төрийн тогтворгүй байдал. Засгийн тогтворгүй байдал иргэдийг чирэгдүүлээд зогсохгүй гадаадын хөрөнгө оруулагчдыг үргээх гол хүчин зүйл болдог. Засаг төр нь, хүн нь солигдоод байхаар бодлого нь байнга өөрчлөгддөг гэмтэй. Есөн сарын хугацаатай бодлого гэж юу байхав. Есөн жилээр ч юм уу урт хугацаанд хэрэгждэг зүйлийг бодлого гэдэг. Ер нь манай улс төрийн намууд ямар ч бодлогогүй, албан тушаал авах гэж УИХ-ын сонгуульд оролцдог, ялалт байгуулдаг гэдэг нь харагдаад байна. Нэг нам засаг барих үед нэг салбарын яаманд гурван өөр сайд томилогдоход гурван өөр бодлого явагддаг нь хэнд ч ил үнэн. Эрүүл мэнд, боловсролын систем, санхүүгийн тогтолцоо баян хоосны ялгааг улам өөгшүүлж байгаа нь ч нууц биш. Ийм асуудлууд жил ирэх тусам ужгирсаар яваа нь эдийн засагчдын санааг зовоож байна. Уг нь бидний байгуулсан ардчилсан тэгш боломж олгодог нийгэм байх ёстой. Өмнө нь Хэнтий аймгийн Бэрх суманд Оюун-Эрдэнэ гэдэг хүүхэд төрөөд Ерөнхий сайдын суудалд хүрч болж байна. Ганзориг гэдэг залуу Батсүмбэр суманд хонь хариулж яваад Монголын хамгийн том даатгалын компани байгуулж болж байсан. Одоо бол тэгэх боломжгүй.

-Жирийн иргэний хүүхэд компанийн захирал, сайд дарга болох боломжгүй нийгмийг бүтээчихсэн гэдэгтэй эрх баригчид лав санал нийлэхгүй байх…?

-Ах нар тийм нийгмийг бүтээчихсэн шүү дээ. Шинэ Ерөнхий сайд маань ийм систем дээр засгаа удирдаад ажиллаж яваа. Үүнийг өөрчлөх эсэх нь манай үеийнхний сонголт. Би Ерөнхий сайдад өгсөн захиасдаа чухал асуудалдаа анхаарлаа хандуулъя л гэсэн. Гучин жилийн туршид ах нарын бий болгосон хэрцгий системийг, зэрлэг капитализмыг засах шанс нь бидний үед байна, засч чадахгүй бол Долоон буудалд, Хэнтий аймгийн Бэрх суманд, Төв аймгийн Батсүмбэрт өсч байгаа хүүхдэд ямар ч боломж байхгүй хэвээр аж төрнө гэдгийг л ойлгуулахыг хүссэн. Төрөхдөө л боол төрж байгаа юм шиг тийм аймшигтай нийгмийг бид бүтээчихсэн.

-Таны хэлж байгаа гашуун ч гэлээ үнэн л дээ. Өнгөрсөн 30 жилд бүтээчихсэн энэ гажуудлыг засахын тулд хамгийн түрүүнд яах ёстой гэж та харж байна?

-Юуны өмнө намаа шинэчлэх хэрэгтэй. АН-ын залуус намынхаа удирдлагыг авна гээд явж байгаа нь зөв. Нам бол ашиг сонирхлын байгууллага биш, итгэл үнэмшлийн байгууллага. МАН-ын удирдлага Л.Оюун-Эрдэнэ гэдэг залуу руу шилжиж байна. Үнэхээр шилжиж байгаа бол МАН-аа итгэл үнэмшлийн байгууллага болгож өөрчлөх хэрэгтэй. Монгол үндэстэн, Монголын төр 2000 жилийн түүхтэй бол МАН 100-хан, АН 30-хан жилийн түүхтэй. Монгол үндэстэн, монгол төр гэдэг юмыг 100-хан жилийн түүхтэй төрийн бус байгууллага дээр цугласан хэсэг хүний ашиг сонирхлоор нураавал яаж аймшигтайгаар сүйрүүлж болдгийг бид өнгөрсөн 30 жилд харлаа. МАН, АН-ын аль нь ч төр барьсан ялгаа алга.

-Төрийн бодлого огт алга гэх гээд байна аа даа…?

-Төрийн бодлого гэж алга, хүний бодол л гэж байна. Хүний бодол нь ашиг сонирхлын л бодол байна. Сайд хийгээд хувьдаа яаж хонжоо хайхаа л бодоод байна л даа. Энэ гажуудлыг МАН, АН-ын залуус өөрчлөх ёстой.

-Нийгмийн даатгалын системийг өөрчлөх ёстой гэсэн санаа Ерөнхий сайдад хаягласан эдийн засагчдын захиас дунд байсан. Ингэхэд төр нь иргэдийнхээ нийгмийн даатгалд тушаадаг мөнгийг хуу хамж аваад үрэн таран хийчихдэг манайх шиг тогтолцоотой улс хуучин соц орнууд дунд бий юү?

-Байхгүй. Манайх л цор ганцаараа социалист хэв маягийн нийгмийн даатгалын тогтолцоотойгоо яваа. Төр нь бүгдийг мэддэг гээд байгаа Орос аль хэдийнэ тэтгэврийн сангаа задалчихсан, диктатуртай, нэг удирдагчтай гэгдэг Казахстан 1997 онд шинэчлэл хийчихсэн. Бид Казахстан, Узбекистан, Оросыг бодвол ардчилсан улс, ардчиллын баянбүрд гэж өөрсдийгөө дөвийлгөдөг хэрнээ ганцаархнаа соц системийг аваад үлдчихсэн. Тэрэнд нь хэн ч халдаж, ойртож чадахгүй яваа нь бодитой үнэн. Ард түмний мөнгийг төр нь аваад арилжааны банкинд хийгээд дампууруулдаг гажуудлыг социалист хэв маягийн нийгмийн даатгалын тогтолцоо гээд байгаа юм. Товчхондоо төр нь иргэдийнхээ мөнгийг аваад устгаад сууж байна. Үүнийг социализм гэдэг. Капиталист нийгэмд бол иргэд нь мөнгөө өөрсдөө мэдэж зарцуулах ёстой. Энэ системийг 1990 он хүртэл бүх капиталист улсууд хийж байсан, одоо ч тэр замаараа яваа. Капиталист улсуудад иргэдийнх нь мөнгө хөрөнгийн зах дээр үржиж өсч байдаг. Гэтэл өнөөдөр НХХЯ-нд Нийгмийн даатгалын санд цугларч байгаа мөнгийг хөрөнгийн зах руу оруулж болохгүй гэж боддог хүмүүс сууж байна. Хар ухаанаар багцаалдвал 1987 оноос цаг хугацааны машинд суугаад 2021 онд ирчихсэн хүн тэнд дарга хийгээд сууж байна.

-Нийгмийн даатгалын системийг орвонгоор нь өөрчилчихөөр НДЕГ гэсэн аварга бүтэц алга болно, нийгмийн даатгалын байцаагчид ажилгүй болчихно гэсэн болгоомжлол дуулддаг…?

-Тийм зүйл болохгүй. Тэд ажил, амьдралтайгаа үлдэнэ. Гол нь иргэдийн нийгмийн даатгалын санд тушаасан мөнгийг төрийн сайд дарга нар үрдэг байдлыг болиулъя, иргэд өөрсдийнхөө мөнгийг мэддэг байя гээд байгаа юм. Сая Банкны тухай хууль батлагдчихлаа. Иргэд өөрсдийнхөө даатгалд төлсөн мөнгөөр банкуудын, MCS, Таван толгойн хувьцааг худалдаж авах боломжийн тухай л ярьж байгаа. Иргэд жилдээ 1.2 их наяд төгрөгийг зөвхөн тэтгэврийн даатгалд төлдөг. Монголын хэдэн том корпорацийн хувьцааг худалдаж авахад хангалттай их мөнгө.

-Манайд компаниудаа, мөнгөтэй хүнийг ад үзэх, муучлах сэтгэлгээ нийтлэг анзаарагддаг. Хувьцааг нь эзэмшээд ирвэл наад зах нь хандлагын том өөрчлөлт гарах байх шүү…?

-Дэлхийн капиталист улсууд иргэдийнхээ тэтгэврийн санд цугларсан мөнгөөр том компаниудаа нийгэмшүүлж авдаг. Америкийн топ 500 компанийн 10 нь л гэр бүлийн эзэмшлийнх. 490-ийг нь тэтгэврийн сангаар дамжуулаад Америкийн ард түмэн эзэмшдэг. Фэйсбүүк, Амазон, Кока кола, Голдман Сакс, Банк оф Америка гэсэн том нэрнүүдийн цаад эзэд нь Америкийн иргэд. Америкчууд баян гэр бүл гэж огт ярьдаггүй нь ийм учиртай. Ямар өндөр цалин авдаг CEO вэ л гэж ярьдаг. Америк яг ийм системээр 150 жил явчихсан. Гэтэл манайд баялаг компаниудад л байна. Ард түмэн ядуу хэвээр аж төрж яваа. Уг нь иргэдийн тэтгэврийн санд төлж байгаа мөнгөөр компаниудын хувьцааг худалдан авах замаар ард түмнийг компанийн эзэн болгож баялгийг хуваарилдаг. НХХЯ, Нийгмийн даатгалын ерөнхий газарт байгаа үеийнхээ залууст “Та хэд маань битгий саад тээг болооч, наад зах нь Казахстан, Оросын системийг судлаач, тав, зургаахан хүн гурван сая хүний амьдрал хөгжлийг 30 жилээр хойш нь татаж болохгүй” гэж хэлж уриалмаар байна. УИХ-ын гишүүдэд “Та нар бол Монгол гэж 2000 жилийн түүхтэй улсын Их хурлынх нь гишүүд. Гуравхан сая иргэний чинь баян хоосны ялгаа, өдрөөс өдөрт гүнзгийрч байна. Энэ асуудлыг шийдье гэвэл 1.2 их наядын тэтгэврийн даатгалынх нь мөнгийг хөрөнгийн зах руу оруулж үндэсний том корпорациудын хувьцааг авах боломжийг л хангаад өгчих” гэж танай сониноор дамжуулж хэлмээр байна.

-Эрх мэдэлтнүүд “Иргэдийн даатгалын мөнгийг хөрөнгийн зах зээл рүү оруулаад алдчихвал яах юм” гэсэн болгоомжилсон тайлбар хэлдэг л дээ. Ийм эрсдэл үнэхээр бий юү, эсвэл ердөө шалтаг төдий тайлбар уу?

-Мэдээж тухай корпорациуд руу орсон ард түмний мөнгийг хянах тогтолцоонд анхаарах хэрэгтэй. Хянах тогтолцооны хувьд СЗХ, Хөрөнгийн бирж, аудитын компаниудаар дамжиж хийгдэх учиртай. Мөнгөө алдана гэсэн ойлголт бол байхгүй. MCS-ын Оджаргал, Голомтын босс 30 жил бизнес хийлээ. Тэд мөнгөө алдсан уу? Улам баяжаад улам томроод яваа. Ийм амжилттай бизнес рүү ард түмний мөнгийг оруулж хувьцааных нь 30, 40 хувийг авчихъя л гэж байгаа юм. Өнгөрсөн 30 жилд бизнесийн талбарт Ж.Оджаргал, Ц.Баатарсайхан, П.Батсайхан гээд мундаг удирдагчид төрсөн байна. Гэтэл Монголын төрийг гучин жил ингэж мундаг удирдсан нэг ширхэг сайд, нэг ширхэг улстөрч өнөөхөндөө лав алга. Тэгэхээр 30 жилийн турш их мөнгө хийсээр ирсэн хүмүүст ард түмний мөнгийг даатгачих хэрэгтэй. Тэгж чадвал 30 жилийн дараа хэн нэг улстөрч биш ард түмэн л баяжина. Энэ цаг үеийн Монгол үндэстний менежмэнтийн авьяастай залуус ард түмэнд тэр их мөнгийг хийж өгнө гэсэн үг. 800 жилийн өмнөхөөр жишвэл эд чинь Сүбээдэй, Боорчи, Мухулайнууд. Цаг үе бүрд жанжид, баатрууд төрдөг. Тэр баатруудыг ард түмний тусын тулд ашиглах уу, амин хувиа борлуулаа гээд хараад сууж байх уу гэдэг асуудал л бий. 800 жилийн өмнөх залуусыг Чингис хаан нэгтгэсэн, мотивацижуулсан. Битгий хувиа борлуул, улсынхаа төлөө яв гэсэн. Тэгээд л явчихсан. Дахиад хэлэхэд, 1990 оноос хойш өнөөг хүртэл явж байгаа капиталист нийгмийн баатрууд төрчихсөн. MCS-ийн хувьцааг Кока кола, “Юнител”-ийн хувьцааг Америкийн хөрөнгө оруулалтын сан авлаа Америкчууд Ж.Оджаргалын ур чадварт итгээд хөрөнгөө хийж байхад НХХЯ дотор гурван залуу “Болохгүй ээ, иргэдийнхээ мөнгийг алдчихна” гэж яриад суух нь утгагүй л дээ.

-Ингэж болгоомжилдог хэрнээ иргэдийн даатгалын мөнгийг өөрсдөө болохоор байнга алдсаар ирсэн…?

-Харин тийм. Тэгэхээр даатгалын санд жил бүр орж ирдэг 1.2 их наядыг ямар ч эргэлзээгүйгээр эдийн засгийг бүрдүүлдэг топ компаниудын хувьцааг авах зорилгоор хөрөнгийн зах зээл рүү оруулах хэрэгтэй. Оруулж байгаа хэлбэр нь тэтгэврийн сан. Хувь, хувьсгалын аль нь байх нь сонин биш. Хувийн тэтгэврийн сангийн хууль гээд ярьсан чинь өчнөөн УИХ-ын гишүүн хувьдаа тэтгэврийн сан байгуулж мөнгө хийнэ гэчихсэн гүйж яваа сураг дуулдсан. Тэгэхээр энэ бүхнийг бас бодолцох хэрэгтэй.

-Та боловсролын реформ хийх ёстой гээд хөдөлгөөн байгуулж багагүй ажил амжуулчихсан яваа. Боловсролын салбарт хийх ёстой хамгийн том өөрчлөлт гэвэл юуг онцлох вэ?

-Монголын боловсролын систем наяад онд зорилго, чиглэл, стратеги, тактиктай байсан. Ер нь аливаа систем зорилго, чиглэл, стратеги, тактиктай байхаараа л агуу болдог. Манай систем 1990 оноос хойш зорилго, чиглэл, стратеги, тактикгүй болчихсон. Сайд болгон шинээр ном гаргадаг, сургалтын хөтөлбөр өөрчилдөг, сэглэдэг болсон. Монгол хүүхдийг монгол хүн болгоно ч гэх шиг. Монгол айлд төрөөд монгол аав ээжийн гар дээр зургаан нас хүртлээ монгол сэтгэлгээ, монгол ёс, монгол соёлоор хүмүүжсэн хүүхдийг зургаан настайд нь гэнэтхэн монгол хүн болгох тухай ярьж таарахгүй. Энэ мэтчилэнгээр томилогдсон сайд бүр нь амандаа орсноо ярьдаг. Шинжлэх ухааны ямар ч үндэсгүй, дэлхийн боловсролын чиг хандлагын тухай ойлголтгүй юм ярьдаг. Наяад онд шинжлэх ухаанч иргэн бэлдэх нь зөв байсан бол одоо дэлхийд өрсөлдөх монгол иргэн бэлдэх ёстой. Дэлхийд өрсөлдөх монгол иргэн стратегич байх ёстой. Стратегич хүн гэдэг чинь шинжлэх ухаан мэднэ, борлуулалт ч, бизнес ч ойлгоно. Наяад оны шинжлэх ухаанч иргэн бол тухайн үедээ зөв, мундаг. Наян онд борлуулалт, бизнесийн тухай мэдэх шаардлага байхгүй, хүмүүст өөрийгөө зөвөөр тайлбарлаж ойлгуулах ямар ч хэрэгцээ байгаагүй. Социалист эд эсүүд л байсан. Одоо бол монгол хүүхэд Нью-Иоркт очоод Нью-Иоркийн банкиртай хэлцлийн ширээнд сууна. Лондон, Бээжинд очоод англи, хятад бизнесмэнтэй мэтгэлцээд ялах ёстой. Тэгэхийн тулд зөвхөн шинжлэх ухаанаас гадна нийгмийн ухаан, харилцааны чадвар, сэтгэл зүйн төлөвшил, техникүүд хэрэгтэй. Бид ийм л юм ярьж байгаа.

-Боловсролын сайд танай хөдөлгөөнд хандаад хамтаръя гэвэл боловсролын реформыг хийлцэхэд бэлэн гэж ойлгож болох уу?

-Шаардлагатай бол Монгол Улсынхаа төлөө үнэ төлбөргүй ажиллахад бэлэн. Манай “Боловсролын реформ” хөдөлгөөнд олон мянган залуус бий. Олон жил асуудлаа судалсан, “шаналсан”, дэлхийн топ сургуулиудыг нь төгссөн залуус манай хөдөлгөөнд байгаа.

-Эдийн засагчдын Ерөнхий сайдад хаягласан захиасаас санхүүгийн систем барууны загварыг буруу хуулсан, тийм учраас реформ хэрэгтэй гэсэн утгатай өгүүлбэр анхаарал татсан. Бид санхүүгийн системээ анхнаасаа буруу хийчихсэн гэсэн үг үү?

-Манай санхүүгийн систем барууны загварыг буруу хуулсан. Монголбанк, Сангийн яам хоёр 1990-ээд онд Америк, Английн зөвлөхүүдийн зөвлөмжөөр байгуулагдсан институциүд. Англи гэдэг улсын төв банк 1692 онд байгуулагдсан. Америк 1800-гаад оноос Английн загвараар явчихсан. Хөрөнгийн зах нь 1700 онд байгуулагдсан. Английн Сангийн яамны түүх 1300 оноос эхлэлтэй. Америкийнх болохоор 1700, 1800 оноос үүдэлтэй. Америк, Английн эдийн засгийг төр нь биш компаниуд нь авч явдаг. Төр бол араас нь зохицуулах л үүрэг хүлээдэг. АНУ, Английн Сангийн яам, төв банкныхан нь “Компаниудаасаа хоцорчихгүйхэн шиг явахыг хичээдэг” гэж ярьцгаадаг.

200 жил хөгжчихсөн төв банк, Сангийн яам ингэж ажилладаг. Гэтэл бид ингэж хөгжсөн улсын загварыг юу ч бодолгүйгээр шууд хуулсан. Ерэн онд манайд ирсэн америк, англи зөвлөхүүд их л удаж 1950 онд төрсөн хүн байж таараа. 1950 он гэдэг чинь хөрөнгийн зах хөгжөөд супер болчихсон үе. Тийм үед төрсөн хүн чинь хөрөнгийн зах нь дөнгөж хөгжих гэж байгаа улсад яаж зөвлөгөө өгөх вэ дээ. Санхүүгийн системээ өөрчлөх хэрэгтэй гээд байгаа нь ийм учиртай. Төв банк, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хорооны ажиллах арга барилыг бүхэлд нь өөрчлөх хэрэгтэй.

-Яаж?

-Яг хөгжих гэж байгаа оронд зориулсан бүтцийг гаргах хэрэгтэй. Сингапурын жишээ байж болно. 1960 онд Сингапурчууд яаж байсныг судлахад болохгүй юмгүй. Солонгосчууд 1970 онд яаж ажилласныг эргэж харахад гэмгүй. Японы жишээ байна.

-Аль нь манайд илүү ойрхон бол?

-Аль нь ч ойрхон биш. Бид өөрийн гэсэн жишээ л гаргах хэрэгтэй. Чингис хаан гэхэд л аль нэг улсын системийг хуулаагүй. Яг өөрийнхөө нөхцөл байдал, цаг хугацаандаа тохирсон системээр явсан.

-Өөрсдөө системээ зохиож бүтээнэ гэхээр санаанд буудаггүй ээ, ер нь бид чинь хуулсаар байгаад сурчихсан улс юм байна аа…?

-Өөрсдөө системээ зохиох боломж бүрэн бий. Зүгээр л харах өнцгөө өөрчлөх хэрэгтэй. Та бод доо, бид корпорациуд нь түрээд, бульдозердоод явж байхад хоцорчихгүйхэн шиг хараад явж байдаг системийг хуулчихсан. Гэтэл бульдозерын дайтай компани байгаа билүү, манайд. Брокерийн, даатгалын компаниуд, хөрөнгийн зах хаана байна вэ. Хэдэн банкууд нь л олон улсын стандартаар хөгжих гээд ядаж яваа. Гэтэл хамгийн өндөр хөгжсөн ганц системээ хэвлэл мэдээлэл, улстөрч, төв банктайгаа нийлээд балбаж, муу нэртэй луу данстай болгочихсон. Тэгэхээр түрүүн хэлсэн системүүдийг бүтээдэг төв банк хэрэгтэй байна. Төв банк өнөөдөр даатгалын салбарыг хөгжүүлэх үүрэгтэй байх ёстой. Сангийн яамны үүрэг дотор хөрөнгийн захыг хөгжүүлэх үүрэг орох ёстой. Жавхлан сайд өнөөдөр даатгал, хөрөнгийн захыг яаж хөгжүүлэх вэ гэж бодох ёстой. Шуудхан хэлэхэд, манай Сангийн яам зүгээр л төсвийн нягтлан бодохын яам болж хувирсан. Америкийн Сангийн яам ийм байж болно. Харин манай Сангийн яам хөгжүүлдэг, мөнгийг ургуулах модыг тарьдаг яам байхаас өөр ямар ч аргагүй. “Зах зээлд оролцохгүй, ажиглаад сууна, чөлөөт зах зээл өөрийнхөө жамаар явна” гээд суугаад байж болохгүй.

-Өнгөрсөн 30 жил даатгалын зах зээл, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлнэ гэж ярьсаар яваа ч тэгтлээ хөгжсөн юм алга. Гарцаа олохгүй явна уу, эсвэл бүр хөгжүүлэх сонирхолгүй байна уу?

-Энэ асуудал Монголбанк, Сангийн яаманд ямар ч хамаагүй байна л даа. Төрийн санхүүгийн энэ хоёр том бодлогын институцид хөрөнгө, даатгалын зах байна уу, байхгүй юу огт хамаагүй 31 дэх жилдээ явж байна. Уг нь хуульд өөрчлөлт оруулаад л шийдчих асуудал байгаа юм.

-Хоёулаа гарц ярья. Хөрөнгө, даатгалын зах зээлийг хөгжүүлэхийн тулд Сангийн яам, Монголбанк яг яаж ажиллавал бодитой эерэг өөрчлөлт мэдрэгдэх бол?

-Жишээ нь, хөрөнгийн зах дээр Засгийн газрын бонд алга. Сангийн яам нь “Засгийн газрын бонд гаргаж яах юм” гээд сууж байна. Засгийн газрын бондоо гаргах хэрэгтэй. Хүүгийн өгөөжийн муруй гэж байдаг. Эдийн засгийн онолын анхны хуудсан дээр байдаг ойлголт. Өгөөжийн муруй алга. Өгөөжийн муруйгаа бий болгох шаардлагатай. Сангийн яам тэтгэврийн реформ хийх ёстой. Тэтгэврийн реформыг Нийгмийн хамгааллын яам биш, мөнгийг нь авч идчихээд байгаа газар л хийх хэрэгтэй. Монгол банкны хувьд төгрөгийн ханшаа чангаруулах шаардлагатай. Төгрөгийн ханш тасралтгүй сулрах нь зөв гэсэн утгатай ярилцлагыг Монголбанкнаас сүүлийн хориод жилийн турш өгсөөр ирсэн. Дэлхийд ийм жишиг хаана ч байхгүй. Төгрөг гэдэг валютдаа ард түмэн нь итгэхгүй бол төрдөө итгэх талаар ярихад хэцүү. Товчхондоо мөнгө санхүүгийн философийг ойлгомоор байна. Манайхан мөнгө санхүүг тоо гэж бодоод байна л даа. Тооноос илүү агуу юм бий. Тэр нь итгэлцэл. Итгэлцэл гэдэг чинь философийн асуудал. Иргэн төрдөө итгэх тухай асуудал, төрт ёсны философийн тухай ярих ёстой. Манай эдийн засгийн доктор, магиструуд философийн хичээл судалж, философи унших хэрэгтэй санагддаг. Иргэн төрдөө итгэж байгааг баталдаг суурь ойлголт мөнгөн тэмдэгт дээр харагддаг. Төрөөс гаргасан мөнгөн тэмдэгтдээ итгэхгүй, Америкийн төрөөс гаргасан долларт илүү итгэж яваа бол маш том асуудал байна гэсэн үг. Бүр тодруулж хэлбэл, үндэсний аюулгүй байдлын хэмжээний асуудал гэж харах учиртай. Тэгэхээр төв банкны зүгээс төгрөгийн ханш сулраад доллар чангарах нь сайн шүү гэж ярьж болохгүй. Төгрөгийн ханш хүчтэй байх ёстой. Тэгж байж Монголын төр хүчтэй оршино.

-Төгрөгийн ханшаа хүчтэй байлгах гарц нь хаана байна вэ гэсэн асуултыг сөргүүлж тавих байх л даа…?

-Тэгэхийн тулд Монголбанк энэ бодлоо өөрчлөх хэрэгтэй. Бүх юм бодлоос эхэлнэ. Буруу өнцгөөс бодоод байна. Приус машин долоон сая төгрөг байлаа. Одоо 15 сая төгрөг болчихсон. Ард түмэн тэр хэрээр ядуурч, туйлдаж байна. Гэтэл 500 сая төгрөгөөр “Жи класс” торохгүй авдаг анги байна. Тендер, газрын наймаа, төрийн сайд хийгээд л хагас тэрбум төгрөгөөр машин авчихдаг. Тэр хүмүүст төгрөгийн ханш сулрах нь хамаагүй байна л даа. Гэтэл гудамжинд явж байгаа Батаа ганц саяхан төгрөгийн цалинтай. Доллараар бодоход 2010 онд сая төгрөгийн цалин 700 доллар байсан бол өнөөдөр 400-хан доллартай тэнцэнэ. Ийм байхад төгрөгийн ханш сулрах нь ашигтай гэж яриад сууж болохгүй. Би төрийн алба хаагч биш. Ард түмний төлөө ярих алба надад байхгүй. Гэтэл хувиараа бизнес эрхлээд явж байгаа би хүртэл санаа зовоод нүд халтираад байхад Монголбанк, Сангийн яамны удирдлагууд санаа зовохгүй суугаад байж таарахгүй л дээ.

-Таныг Монголбанкны ерөнхийлөгч болгочихвол хамгийн түрүүнд юу хийх вэ?

-Хамгийн түрүүнд УИХ-аар Монголбанкны чиг үүргийг өөрчилж батлуулна. Төгрөгийн ханшийг тогтвортой чанга барина гэдгээ олон улсад зарлана. Ерөнхий сайдтай экспортын орлогыг нэмэгдүүлэх чиглэлд хамтарч ажиллана. Экспорт хийдэг, экспорт хийх хүсэлтэй үндэсний бүтээн байгуулагчдаа хүүгүй шахуу зээлээр дэмжинэ.

Сангийн яамтай хамтарч тэтгэврийн реформыг хийхийн төлөө ажиллана. Даатгалын салбарыг хөгжүүлэх цогц бодлого гаргана. Зээлийн хүүг нэг оронтой тоонд оруулах ажлыг үе шаттай хийнэ. Бизнесийн байгууллага төлөвлөгөө гаргаад ажилладаг шиг, байшинг тоосго тоосгоор барьж дуусдаг шиг нямбай, шаргуу ажиллана. Түүнээс биш УИХ-ыг аргалах, биеэ суллаад зугатаах, юм хийсэн мэт харагдахыг хүсэхгүй. Бид 30 жил ингэж явсан, одоо хандлагаа өөрчлөх цаг болсон.

-Сүүлчийн асуултыг танд үлдээе.

Нэг монгол нь улсынхаа хөгжлийн төлөө зүтгэсэн нөгөө монголоо шоронд хийж, монгол нь монголоо хэмлэж, монгол нь монголоо туйлдуулж, монгол нь монголоо сошиал талбарт доромжилж суугаа нь өнөөдрийн гашуун үнэн.

Одоо үндэсний их талцал, үндэсний их хэрүүл маргаанаа дуусгаад үндэсний их эв нэгдэл рүү орж гуравхан сая хүнтэй улсаа маш хурдан хугацаанд хөгжүүлмээр байна л гэж хэлье дээ.

Эх сурвалжЦ.Баасансүрэн
Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!