2024.12.11, Лхагва
spot_img
НҮҮРУлс ТөрАмь аварсан бялдуучлал минь!

Амь аварсан бялдуучлал минь!

Орос ахыгаа бид 100 жил магтсан. Одоо ч амаа урчих гэж буй. Орос ахыгаа “нар”-тай адилтгасан ч сэтгэл ханаагүй. Сүүлдээ “нар”-ыг орос ахтайгаа зүйрлээд ч санаа амраагүй. Яагаад тэгтлээ зусардав гэвэл маш их айснаас ингэтлээ хулчийсан юм. “Ам бат бол амь бат” гэх ардын үг орой руу орсон цаг. Орос ах нар маань чангаа чанга. Тэд юу гэж ухуулдаг вэ гэвэл “Монгол шиг дорой орныг аврах таваарш нь коммунист оросууд. Улаантнаас бусад нь та муусайныг цөлмөнө. Бусдыг бүү дага” гэж загнана. Зөрвөл буудна.

Сөнөж буй үндэстэн-монголчуудыг авраад зогссонгүй бүр капитализмыг харайлгаж хэн хөгжүүллээ? Оросууд! Биеэ ингэж ХХ зууны турш магтсан орос ах маань өдгөө “орос ах гэж нялуурдгаа болиод өгөөч” гэж гуйдаг болов. Саймшраад гуйсан бус даяаршлын зуунд “Баруун”-аас ичээд тэр. Шударга хүсэлт. Харамсалтай нь ах нарын шударга гуйлт коммунизмын тогоонд 70 жил буцалж мэдээгүйжсэн бидний тархийг сэхээж чадсангүй. Гүнзгий гэмтсэн тархи барагтай эрүүлждэггүй аж. Маанаг толгойтой бид оюунлаг эрин морилсныг мэдрэхгүй “ах нар” хэмээн улам нялуурч өөрсдийгөө гутаахын дээр хамгийн гол нь ах нараа дэлхийн тавцанд ичээв.

Аварга хөршдөө би туслахаар тэдэнд чөлөөт зах зээлийн менежментээр нялуурч, амь аварсан ачтай бялдуучлалаа хэн хэндээ ашигтай ил тод тооцоотой шилэн түншлэлээр сольё гэж энэ номыг бичив. Орос ах сайн. Гэхдээ 100 жил жаргал зовлонгоо хуваалцсан хүмүүст хэлмээр үг үүссэн үү гэвэл үүссэн. Нуусан үг өмхийрдөг. Худлаа магтаал бүр ч хортой. Мөнхийн хөршүүд илэн далангүй нээлттэй айлсвал сэтгэлд цөвгүй гээд би цээжинд хургасан үгээ үргээж, орос монгол уншигчдад дэлгэхээр зориглов. Зуун дамнасан нөгөө л нялуурлаа янших нь гэж бүү бөхүүрхээрэй. Амь аварсан ачтай бялдуучлалаа 100 жилийн дараа элдвээр муулалгүй сэм орхиё. Зөв үү?

Өнгөрөгч зуунд өчүүхэн Монгол дэлхийд сураггүй байсан тул оросууд “нялуурлаа болиоч” гээгүй нь бурхангүй газар бумба галзуурсан түүх болж үлдэг. Чингис л гэхгүй бол хэн ч мэдэхгүй Монголыг хуурч мөлжих, дээрэлхэж дарлахад ертөнцийн чихнээс хол учир нэрэлхэх болгоожлол үүссэнгүй. Азийн эзгүй цээжнээс ямар ч зовлон гамшиг дэлхий дахинд үл мэдрэгдэнэ. Гагцхүү ХХI зуунд мэдээ сураг өдөртөө бөмбөрцөг даяар тардаг болсноос “Орос ах” гэх нялуурал ичээж эхэлсэн болтой.

Ар Монголыг гадаад ертөнцөөс тасалж тулмайдаад, зуун жил хашчихсан тул бүх тусламж ЗХУ-ынх. Тэгээд магтаж гарсан. Магтаж буй нь ч магтуулж буй нь ч жинхэнэ тэнэгэрсэн дээ. Сургагч мэргэжилтэн нил орос. Багш эмч орос. Аз дайрвал ЗХУ-д суралцана. Өөр хувилбаргүй. Оросоос ондоо гүрний бараа тасрав. 1929 онд хөөчихсөн. Хөрөнгөтний хэл сурах хориотой. Монголчууд америк кино үзэх болоогүй. Гэгээ гэрэлтэй бүхэн зөвлөлтийн ач тус. Хөрш Хятад Японынх бол хор хөнөөл. Ийм орос сурталд мануус 70 жил чануулаад болчихсон.

Гэхдээ 70 жилд Орос харанхуй Монголыг хэрхэн хөгжүүлснийг дурсахгүй өнгөрөх нүгэл. Кирилл үсэгт тайлагдсан, мухар сүсгээс шинжлэх ухаанд хандсан, эрүүлжсэн. Ильичийн дэнлүү, улаан тариа гээд явж өгнө. Энэ бүгд бодит тал нь. Дэгс тал ч бий. Монгол хүн сансарт ниссэн гэж бид хөөрдөг. Оготоргуйн нислэгт бид юугаар оролцсон билээ? Борц чацарганы тос гэсхийгээд л хөөрөл дуусдаг. Харин сансрын нислэгийн хатуу шалгуурыг шинжлэх ухааны өндөр мэдлэг, оюуны төрөлхийн ер бус чадвар, зориг золбоогоор гялалзтал давсан хоёр хөвүүнээрээ монголчууд бахархдаг. Гэлээ ч феодализмын ёроол Монголын шинжлэх ухаан сансарт иргэнээ нисгэх хэмжээнд дүүлсэн гэх хийрхэл сонсох бүрт яс хавталздаг. Сөнөхдөө тулсан монголчуудад орос коммунистууд туслаагүй бол хөрөнгөтнүүд устгаад нутгийг нь эзлэсэн гэдэг бөгөөд бид уяраад уйлдаг. Энэ бодиттой юу?

Машин анх үзсэн монгол хүн “Хөллөгөө үхэр тэмээгүй атлаа өөрөө явдаг бас хачин аа” гэж гайхсан биз. Нисэх онгоц харсан ардууд “Оросуудад хийж чадахгүй юм алга” гэж биширсэн нь мэдээж. Үзэх нь байтугай сонсоогүй, ухаанд багтамгүй гайхамшгийг зөвхөн орос ах нар бүтээж байна гэж тэд ухаарчээ. Ухааруулжээ. “Оросын ачийг хүртэх хувьгүй Монголоос бусад хоцрогдсон үндэстнүүд мөн хөөрхийеө. Бид орчлонд тусдаа азтай төржээ” гээд бахархсан. Бүдүүлэг харанхуй дээдсийнхээ гэнэн бахархлыг хүлцэе гэхэд хамгийн харамсалтай нь ХХI зуунд бид уламжлалт хоцрогдсон бишрэлтэйгээ зууралдаж зальдуулсаар өндийсөнгүй.

ХХ зууны турш шинжлэх ухаан технологийн ололт нэвтрээгүй тийм бөглүү хязгаар бөмбөрцгөөс олохгүй. Энэ өнцгөөс харвал Монголын 1921-1990 оны өөрчлөлт Зөвлөлтийг дагаагүй бол заяахгүй үсрэлт гэдэг туйлшрал биш биз? Орос ах туслаагүй аваас Монгол хувьсгалын өмнөх балчигтаа живсэн гэдэг эргэлзээтэй бус уу? 1921-1990 оны манай дэвшил буюу орос ахын тусламж маань ХХ зууны шинжлэх ухааны нээлтийн “бум”-аар дэлхийд хаа сайгүй дэлгэрсэн, тэгтлээ онгирох зохимжгүй ердийн алхам бус уу? Их гүрнүүдийн хүчирхэг тэлэлтээр жижиг буурай яс үндэстэн энэ хугацаанд ийм анзааны алхам бүгд дор бүрнээ хийчихсэн юм биш үү? Шинжлэх ухааны нээлтүүд тивүүдэд түгж буурай орнуудад нялзсаныг зөвхөн бид дэлхийд ганцаараа зөвлөлтийн тусламжаар цойлж, капитализмыг харайсан гэж хөөрцөглөж явснаа тунгаамаар.

Өндөрдүү дошин дээр гарч оволзсон сагуурлаа түр дараад, эргэн тойрноо талбиухан тольдоод нэг үзээч. Гайхалтай нь өдгөө орос ахын тусламжийг хэний тусламжтай жишээд, ахын тусламж дэлхийд ганцаар эгнэшгүй гэж монголчууд-бид магтана вэ? Зэрэгцүүлж жиших өөр тусламж манайд огт орж ирээгүй шүү дээ. Магтсаар малыг минь барж, маажсаар голыг минь таслах дөхсөн бус уу. Орос ах туслаагүй бол Монгол сөнөсөн гэх мөнхийн зул одоо ч бидний харанхуй гавалд бадарч буй. Оросын тус их ээ. Гэхдээ наанатай цаанатай нь хамт тунгаа.

Тусгаар тогтнолоо алдаагүй бидний хувь заяа тун эгзэгтэй нарийн. Орос байгаагүй бол манай тусгаар тогтнол замхрахтай адил Хятад байгаагүй бол мөн замхрах байв. Хоёр их гүрний завсар жийргэвч төдий ашиг сонирхолд үлдсэн хэврэг тавилангаа би бурхнаас хайрласан тэнцвэр гэж мөргөдөг. II дайны төгсгөл, Зөвлөлтийн ард түмний ялалт, Ялтын гэрээгээр ар Монголын талаар Рүзвэлт Черчилл Сталин нар хүрсэн тохироонд би залбирдаг.

Би орос ахыг хун шиг цагаан ч гэхгүй, хэрээ шиг хар ч гэхгүй, шаазгай шиг алаг гэнэ. Шаазгайн хар өнгийг “цагаан” гэлгүй “хар” гэж бичих тэнэг надаас өөр Монголд гараагүй тул орос ахынхаа талаар тааруу үг сонсоно чинээ хэдэн үеэрээ зүүдлээгүй уншигчид хирдхийж намайг зүхэж гардаг. Зүхүүллээ гээд “зөв” гэх итгэлээ орхихгүй зөрүүд шиг байна би. Нүгэлт миний ланчиг биз. Орос ахын тухай хөндсөн номондоо би урьд огт хөндөгдөөгүй шаазгайн “дархан цаазат”-хар өнгийг төрмөл юм уу түрхмэл юм уу хэмээн маажиж үзэхээр мангарлав. Ингэсэн минь бас учиртай. 100 жилийн найрамдал-дружбад нартын хуулиар сүүдэр орших ёстой гэвэл тэр сүүдрийг Монголоос нэг ч хүн сануулаагүй нуль цагаан түүх үлдвэл Чингисийн удмынхны нэрэнд эвгүй. Тиймээс ядаж ганц үнэ цэнэгүй зохиолч сөхөөд хараалын бай болоход гарз нь юу билээ? Золигт гарах зохиолч нь би болъё. Би ямар гарзтай амьтан биш. Монголд ганц муу зохиолч солиороод юу шалих вэ гээд тайвшрахыг дипломатч Л.Эрдэнэчулуун мэтээс гуйя.

Сталины хөшөөг буулгаснаа орос ахынхаа шинэчлэлд хүрлээ гэж хөөрсөн ч Лениний хөшөөг булга татахад галав юүлэх мэт цочирдсон. Сэтгүүлч Х.Цэвлээ Ленин багшийнхаа хөшөөг буулгасныг итгэхгүй “би зүүдлээд байна уу” гэх том статъя хэвлүүлэв. Эмзэглээд сүйд. Сайн тунгаавал Ленинийг биширч дээд зэрэглэлд амьдрагсдын бууж өгөхгүй гэх шазруун ааш ч юм шиг. Ленин багшийг өөлсөн хүнийг егүүтгэх хуульгүй эрин эхэлмэгц хорсохдоо далдуур хариу авах сүв хайдаг янзтай. Тэдний коммунист архаг хордлого хүн төрөлхтөний ардчиллын нөөлгөнд тайлагдах нь гарцаагүй. Тиймээс аюул удахгүй арилна. Орос ах л гэвэл буруу ч юманд, худлаа ч зүйлд өмөөрч Төр Засгийн толгойд асдаг зальтай тийрэнгүүд бол Оросынх бус Монголынх. Тэднийг эс давруулах нь гагцхүү бидний ажил-бидний хөгжил.

1996 онд ЗХУ-ын республикүүд өөрсдийн төмөр замаа авахаар тохирч мөн тийм боломж Монголд гарав. УБТЗ-аас оросууд буцаад 4-5 жилийн нүүр үзэж буй цаг. Бүр ганц ч оросгүй болсон үед монголчууд төмөр замаа ажиллуулж өлхөн дөнгөөд эхэлжээ. Тэр боломжийг яагаад ашиглаагүйв гэвэл УБТЗ-ын дарга Р.Рааш “Оросууд биднийг хаячихав. Орос ахгүйгээр монголчууд төмөр замаа ажиллуулж чадахгүй. Орос ахын геополитик-төмөр зам гэх төмөр ташуураас зуураад байя” гэж чаргууцалдсаны гороор олон арван тэрбум доллар олох боломжоо алдав. “Би” нэвтрүүлгээр баян тансаг гэр орон эд хогшлоороо гайхуулсан Р.Рааш “Би гэж ярихдаа би дургүй” гээд “Ленин багш дайсанд буудуулж шархдаад босохдоо туслах гэсэн нөхөртөө “би өөрөө босъё” гэж “би” гэх үгийг амьдралдаа ганц удаа хэлсэн юм гэнэ лээ гэж цэнхэр дэлгэцээр сургамж айлдан уярч байв даа. Ийм уяруу Рааш Монголд дэндүү олон ажээ.

Ган бат найрамдалдаа амиа өгье гэж уйлаад л, бид мандтугай, тэд сөнөтүгэй гэж хийрхсэн хуурамч найрамдал хэврэг болох нь танигдав. Ажил хэрэгч найрсаг агаад зөвхөн хуулиараа харьцдаг хөрш явах соёлыг өөрсдөө эзэмшээд үр хүүхдэдээ өвлүүлэх алсдаа унацтай нь ХХI зуунд тодорлоо. За гэвэл ёогүй журамлаг хөрш үнэд орж хүндлэгдэх болов. Тийм хөрш өөд хөрөнгө оруулагчид, худалдаачид, бизнесменүүд, жуулчид, хямд ажиллах хүч хандах сонирхолтой болдог ажээ. Бид мөнгөжихөөр гадаадад ажилладаг. Иргэд нь зодож дээрэмддэг улсад бол очихгүй. Сайхан айлсах иргэд нь найзладаг, бие бие рүүгээ тэмүүлдэг болгож байна. Үүний хор гэж баймгүй. Хил залгаа хөрш улсад иргэд хоорондын арилжаанаас эхлээд хөрөнгө оруулалт, дундын төсөл зэрэг ашиг сонирхол нэгтэй бизнес аяндаа урсгалаараа Төр Засгийн оролцоогүйгээр өрнөдөг. Олзны амыг улстөрөөр хаалгүй дүүрэн ашиглахыг эрмэлздэг улсын нөлөө өсөв. Орос ойртошгүй уршигт хөрш биш гэдгийг би онцолдог. Үнэнээрээ нөхөрлөх сайхан. Болъщевик-коммунист улаан орос бус жинхэнэ орос-Ивантай зузаарахад би бэлэн. Бүр хүсдэг-оюутан наснаасаа. Монголыг өмөөрдөг олон найз надад байв.

“Найрамдал-дружба”-г харанхуй монголчууд шиг хэт биширдэг орос одоо байтугай урьд таараагүйд би олзуурхдаг. Тийм үзэлтэй оросууд биднийг соёлд түүчээлнэ. Харин “найрамдал-дружба”-г далимдуулсан орос олигархиуд биднийг гацааж, хохироож, сүрдүүлж, шулж буйд гомддог. Шүгэл үлээвэл Путин яахыг бүү мэд. Гол гай нь орос олигархи хормойдсон монгол хавсрууд арслангийн дайтай томорч, улсын сан хөмрөгт асар их мөнгө цутгах мега төслүүдээ гацааснаар хүн ам ядуурав. Гэхдээ сайхнаар төсөөлцгөө. Хоёр их хөршийн завсар орших бяцхан Монголд дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхах сиймхий-ухаалаг хандвал бий. Тэр ч атугай жижиг буурай орнууд дэлхийн агуу том зах зээлтэй адгийн муу Монгол хаяа нийлж буйд атаархдаг.

Энэ өгөгдөл бидний нэгдмэл бодлого, нийлсэн хүчээр зүтгэх зам мөр авай. Биднээс сэргэлэн сүйхээтэй улс дор хаяж өдгөө Казахстаны анзаанд оросуудын өөдөөс мал шиг бус хүн шиг зиндаархаж яваа. Казахстан ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан, Монгол бол хэзээ язааны тусгаар улс билээ. Өнгөрөгч зууны яргалал мөлжлөгийг далдлах бялдуучлал ноёлж ахуйд, илчлэх зориг яагаад төрж болохгүй гэж? Эдэлсэн зовлонгоо нуувал үнэд ордог, сөхвөл ад болдог нийгэмд би хоёр дахийг сонгосон тэнэг болой. Ер нь оюунлаг журамлаг Монгол болсон тэр цагт хоёр хөрш ба гурав дахь түншдээ таалагдана. Нялуурал зусарт оросууд дургүйцах болсныг би сайны гэгээ хэмээн олзуурхаж буй. Путин Баттулга хоёр мөнх бус гэвэл барьчихгүй байгаа?! Монгол Оросын хойч үе хэн хэнийхээ сонгосон замналыг хүндэтгэж, соёлтой айлсах цаг айсуй гэх-өөдрөг үзлээр өвөрт ороод ирсэн үхлээ зөөлрүүлж хэвтнэм.

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!