Бүтэн долоон сар хөл хориотой байсан сургууль, цэцэрлэгүүд УОК-ийн шийдвэрээр үүдээ нээж байна. Гэхдээ шинэ хичээлийн жилийн нээлт энэ удаад болохгүй, учир нь корона халдварлана гэж манай дарга нар үзжээ. Залхтал үг хэлдэг, өөрсдийгөө магтдаг дарга нар хичээлийн жилийн нээлтэн дээр нь очихгүй нь амар юм даа.
БШУС-ын сайдын сурагчид гурван өдөр танхимаар, хоёр өдөр теле хичээл үзэх, нэг ангийн сурагчдыг хоёр хуваах гээд коронагийн эсрэг шилдэг “төлөвлөгөө” нь боловсролын салбарын түүхэн дэх хамгийн тэнэг шийдвэр болж үлдэх биз. Уг нь дотооддоо халдвар алдаагүй гэж дэлхийд гайхуулаад байдаг, гэтэл гаргаж байгаа шийдвэрүүд нь жинхэнэ “хөлдүү төмс”.
Сургууль, цэцэрлэгийн хөл хорио тавигдахтай зэрэгцээд УИХ-ын зарим гишүүд гурав хоногийн өмнө Кэмбрижийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийг дэмжих лобби бүлэг байгуулав. Хөтөлбөрийн зорилгоо УИХ-ын гишүүн Н.Учрал, Х.Ганхуяг, Г.Амартүвшин, Г.Дамдинням, С.Батболд, Х.Булгантуяа, Д.Батлут нар “Дэлхийн 160 улсад хэрэгжиж буй Кембрижийн хөтөлбөрийг ЕБС-ийн сурагчдын онцлогт нийцүүлэн олгох, дэлхийн их, дээд сургуульд элсэх, олон улсын тэтгэлэгт хамрагдах боломжийг жигд хүртээмжтэй бий болгох” гэж тайлбарласан.
Кембриж бол Монголын хувьд шинэ сэдэв огт биш. Арван жилийн өмнө, одоо АНУ-д Элчин сайдаар ажиллаж байгаа Ё.Отгонбаяр Боловсролын сайд байхдаа Кембрижийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр Англи-Монголын Засгийн газар хооронд гэрээ байгуулсан. Кембрижийн хөтөлбөрийг анхлан “Орчлон” дунд сургууль 2008 оноос эхлэн хэрэгжүүлж эхэлсэн байдаг. Одоо нэлээд олон хувийн сургууль Кембрижийн сургалттай гэж өөрсдийгөө зарладаг. Төрийн өмчит сургуулиудаас “Шинэ эрин”, “Шинэ эхлэл”, “Монгол тэмүүлэл” Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж буй.
Лоббичдын зорилго нь Монголын боловсролын салбар дахь кэмбриж ба лабораторийн ялгааг арилгаж, бүгд тэгш боловсрол эзэмших боломж бий болгох гэнэ. Ахиад бөөн хэрүүл, бөөн талцал. Кембрижийн хөтөлбөрийг Монголын төрийн өмчийн 90 сургуульд нэвтрүүлэх УИХ-ын шинхэн гишүүн Х.Ганхуягийн өөдрөг төсөөллийг “Шинэ Монгол” сургуулийн захирал асан П.Наранбаяр “бүтэшгүй санаачилга” гэж үгүйсгэв. Тэрбээр “Кембрижийн сургалтын хөтөлбөрийг дэлхийд нэвтрүүлдэг Английн төрийн бус байгууллагууд бий. Тэнд боловсруулсан стандарт, сургалтыг нэвтрүүлсний хариуд төгсөлтийн шалгалтуудыг хүүхдийн тоогоор ам.доллараар төлж өгдөг. Энэ бол боловсролын маш том импорт. Монголоос валют гадагш урсана. Үндэсний цөм хөтөлбөрийн оронд Кембрижийн хөтөлбөр хэрэгжсэнээр боловсролын тусгаар тогтнол бүрэн алдагдана” гэж үзэж байгаа аж.
Монголд боловсрол хэрэгтэй гэж үзэж байгаа улстөрчдийн санаа нь сайхан юм.
Х.Баттулга Ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш “боловсрол хэрэггүй эх оронч байхад болчихно” гэсэн монгол ялначуудын суртал ухуулга хүчтэй явагдсаныг бодвол дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн боловсон хүчин бэлтгэх гээд лобби бүлэг байгуулж буй нь нэг дэвшил юм даа.
Гэвч бидэнд хөрөнгө мөнгө, орчин нөхцөл, багш, сурган хүмүүжүүлэгч нь бэлэн үү.
Кембрижийн хөтөлбөрөөс өмнө Монголын боловсролын салбарт хийх, хэрэгжүүлэх олон шинэчлэлт хүлээж байна. Гурван ээлжээр хичээллэдэг сургуулиудаа бүгдийг нь хоёр ээлжтэй болгочих ёстой. Адаглаад л модон жорлонтой хөдөөний сургуулиудаа орчин үеийнхээр солих хэрэгтэй. Хот хөдөө битгий хэл, хотын зах, төвийн сургуулиудын хоорондын ялгаа газар тэнгэр шиг шүү дээ.
Багш нарынхаа харилцаа, хандлага ур чадварыг дээшлүүлэх шаардлагатай. Шулуухан хэлэхэд, элсэлтийн ерөнхий шалгалтад хамгийн бага оноо авсан хүүхдүүд МУБИС-д ордог гэсэн шүүмжлэл ч дагалддаг. Үүнийг өөрчлөхгүйгээр сайн боловсрол, сайхан ирээдүйн тухай ярих нь зөвхөн мөрөөдөл гэсэн үг.
Кембрижийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд маш сайн боловсролтой багш нар хэрэгтэй болно. Социализмын үеийн харилцаа, хандлагаасаа салаагүй багш нар Монголд маш олон бий. Хүүхэд бүрийн оролцоог дэмжсэн сургалтын хөтөлбөр, хичээлийн үйл явц бол хамгийн чухал. Хэдэн сайн гэсэн хүүхдээ багш нар дэмжээд, бусдыг нь “хаячихдаг” нь боловсролын салбарт амь бөхтэй байдаг үзэгдэл. Ялангуяа төрийн өмчит сургуулиудад ийм ялгаварлал илүү тод харагддаг.
Ийнхүү жилийн жилд намрын намарт сургууль цэцэрлэгийн хүртээмж, боловсролын ялгаа, хандлага, сургалтын хөтөлбөр, ном, дэвтэрийн хэрүүл өрнөдгөөрөө өрнөж байна. Энэ их хэрүүл, талцал дууссан цагт Монголын боловсролын салбар хөгжих юм.