Өнөөдөр есдүгээр сарын 1. Монгол орны өнцөг булан бүрд мөнгөн хонхны дуу цангинасан, хүүхдийн инээд хөөр цалгисан энэ өдөр улсын хэмжээнд 1 сая гаруй хүүхэд, залуус танхимын болон танхимын бус хэлбэрээр хичээллэж эхэллээ. Улсын хэмжээнд 83.2 мянган хүүхэд анх удаа эрдмийн өргөөний алтан босгыг алхаж, нэгдүгээр ангид элсэн орж байна.
2020-2021 оны хичээлийн жилд суралцагчийн сурах, хөгжих, төлөвших, сурлагын амжилт, чанарт ахиц гаргах, багш мэргэжлээрээ тасралтгүй хөгжих боломжийг бүрдүүлж, багш, ажилтнаа дэмжих, эцэг, эхтэй илүү сайн хамтран ажиллах зорилт ыг салбарын яамнаас дэвшүүлж байна.
Үндэсний боловсролын чанарын тогтолцоог боловсролын бүх түвшинд сайжруулж, олон улсын хөтөлбөрийн сургалтыг үе шаттай өргөжүүлэн хүмүүжил төлөвшилтэй, мэдлэг, ур чадвартай монгол хүнийг бэлтгэх нь Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн боловсролын салбарын тэргүүлэх зорилт. Засгийн газраас боловсролын салбарт бий болсон ололт, амжилтыг бататган бэхжүүлж, туршлага, сургамждаа тулгуурлан иргэн бүрд чанартай боловсрол эзэмших тэгш боломж бүрдүүлэн, бодит үр дүн гарган ажиллаахаар анхаарах аж.
Дэлхий даяар мэдээлэл харилцаа, холбооны технологийн хөгжил иргэдийн өдөр тутмын хэрэглээнд хурдацтайгаар нэвтэрч, XXI зууны хүмүүсийн суралцах, ажиллах уламжлалт арга, хэлбэр, тогтсон хэв маягийг хүчтэй өөрчилж, зөвхөн танхимаар боловсрол олж авах хэвшмэл ойлголт, хандлага, арга хэлбэрийг өөрчилж байна. Иймд боловсролын сургалт, судалгаа, үйл ажиллагаанд цахим технологийн нэвтрүүлэлтийг шинэ түвшинд гарган, тасралтгүй хэрэгжүүлэх эрх зүйн орчинг бүрдүүлнэ.