Харин Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа Монголд халдвар авах боломжгүй гэсэн тайлбар хэлж байгаа билээ.
-Та нүүр номоороо дамжуулан Монголд ирэхдээ халдвар авсан гэж мэдэгдээд байгаа. Харин ХӨСҮТ-ийнхэн таны хэлснийг няцааж буй?
-Монголд ирээд авчихлаа гэж би хэлээгүй. Монголд ирэх замдаа коронавирусийн халдвар авсан гэж бодож байгаа. Нэг вагонд олуулаа ирсэн нь халдвар авахад хүргэсэн байх
-Таны биеийн байдал ямар байна. Хүүтэйгээ хамт хэвтэж байгаа гэсэн үү?
-Одоогоор ямар нэгэн зовиур илрээгүй, өрөөндөө хүүгийнхээ хамт байгаа. Эхний шинжилгээгээр хүүгээс маань вирус илэрсэн. Зовиургүй байгаа ч уушгинд үл ялиг асуудал үүссэн байна гээд эмчилгээ эхлүүлсэн. Эмч нарын эмчилгээ, эмнэлгийн хоол ундад сэтгэл хангалуун байгаа.
-Та Улаан-Үдэд байхдаа халдвар авсан байж магадгүй биш үү. Улаан-Үд бол коронавирусийн голомт болсон?
-Би Санкт Петербургт эмчээр ажилладаг. Гуравдугаар сарын 28-ны өдрөөс хойш манай ажил карантилсан. Түүнээс хойш гэрээсээ гаралгүй, хөл хорионд байж байгаад дөрөвдүгээр сарын 29-ний өдөр Новосибирскээр дамжиж, гэр бүлийн гишүүд болон бусад хүмүүсийн хамт Улаан-Үд хотод очсон. Тэнд очоод 14 хоногийн турш хаашаа ч гараагүй хөл хорионд байсан. Тэгээд тавдугаар сарын 2-нд биднээс авсан эхний шинжилгээгээр халдвар илрээгүй. Дараа нь Улаан-Үдийн консулын газраас Монголын хилээр нэвтрэхийн тулд сүүлийн 2-3 хоногт шинээр хийлгэсэн шинжилгээтэй байх ёстой гэсэн. Ингээд тавдугаар сарын 8-ны өдөр шинжилгээ өгөхөд сөрөг гарсан. Би Улаан-Үдээс халдвар аваагүй. Харин буруу тээвэрлэлтээс болж халдвар авчихлаа гэж бодож байна.
-Эх орондоо татан авчрахад халдвар авах эрсдэл бийг эмч нар сануулж байгаа шүү дээ?
–Хөл хорионоос болж эмнэлэг маань дөрөвдүгээр сард карантинлагдсан. Ингээд шууд Монголдоо очихоор болсон юм. Би наашаа ирэхдээ гэр бүлийн гишүүдийн хамт хамгаалалтын хувцас болон нэг удаагийн амны хаалт, өөрсдийн оёсон маскийг давхарлаж зүүгээд, бээлийгээ өмсөөд хил нэвтэрсэн. Би эрүүл мэндийн салбарт 30 жил ажилласан хүний хувьд, өөрийн хэмжээнд халдвараас сэргийлэхийн тулд сэрэмжилж явсан.