Эрүүл мэндийн яамны хэвлэлийн хурлаар өнөөдөр Монголд коронавирусийн халдвар бүртгэгдээгүйг дуулгав.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: Нэгдүгээр сарын 6-наас өнөөдрийг хүртэл нийт 5,000 орчим хүнд COVID-19 илрүүлэх хяналт, тандалт, шинжилгээ хийлээ. Монгол Улсад зөөвөрлөгдөн орж ирсэн 140 тохиолдол бүртгэгдсэн.
Халдвар тээгчдийг эх орондоо ирснээс хойш 2-14 хоногийн дараа 1-5 удаагийн шинжилгээгээр илрүүлж байна. Монголд бүртгэгдсэн нийт тохиолдлын 89 хувь нь ОХУ-аас зөөвөрлөгджээ. Тохиолдлуудын 65 хувь нь эрэгтэй, 35 хувь нь эмэгтэй байна. ОХУ-ын Батлан хамгаалах сургуульд суралцдаг оюутнууд халдварт өртсөн учраас эрэгтэй хүйс нь давамгайлж байгаа гэдгийг энд дурдах нь зүйтэй. Одоогоор батлагдсан тохиолдлын 26 нь эдгэрсэн бол ХӨСҮТ-д 114 хүн эмчлэгдэж байна. Эдгэрч гарсан хүмүүсээс 13 нь “Энх саран” сувилалд байгаа бол гэрийн ажиглалтад 3 хүн байгаа. Харин 10 хүн нь гэрийн ажиглалтаас гарсан. Тэдний бүх шинжилгээний хариу хэвийн гарсан учраас нийгмийн амьдралдаа эргэн орсон.
Тавдугаар сарын 16-ны өдөр ОХУ-аас Алтанбулагаар орж ирсэн иргэний шинжилгээний хариу тэнд байхад нь сөрөг гарсан ч энд ирээд халдвартай нь батлагдсан. Энэ нь хилээр орж ирэхдээ халдвар авсан байж болзошгүй гэх утгатай худал мэдээлэл тараагаад байна. Иргэн 2020 оны дөрөвдүгээр сарын 29-нөөс тавдугаар сарын 13-ныг хүртэлх хугацаанд тус улсын Улаан-Үд хотод бусад 6 хүнтэй байр түрээслэн амьдарч байсан юм билээ.