ЭМЯ-наас шинэ төрлийн коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү: Өчигдөр нийт 44 хүнд шинжилгээ хийсэн. Сэжигтэй хоёр тохиолдол, тандалтын зорилгоор хийсэн 7 сорьцод шинжилгээ хийсэн. Үүнд Өмнөговь аймагт тусгаарлагдсан сэжигтэй тохиолдлоос коронавирус илрээгүй. Харин тавдугаар сарын 3-нд Франкфуртийн онгоцоор ирж, ХӨСҮТ-д тусгаарлагдсан нэг хүний давтан шинжилгээнээс коронавирус илэрлээ.
Тухайн хүнээс тавдугаар сарын 7-нд маш тодорхой буюу толгой өвдөх, хоолой хөндүүрлэх, нус их гарах, ядрах, дотор муухайрах, бөөлжих, хоолонд дургүй болох гэх мэт шинж тэмдгүүд илэрч, шинжилгээ авахад коронавирус илэрлээ.
Ингээд батлагдсан тохиолдол манай улсын хэмжээнд 42 боллоо. Үүнээс эдгэрч гарсан 13, эмчлэгдэж байгаа 29 тохиолдол байна. Эмчилгээнд байгаа хүмүүсийн биеийн байдал хэвэндээ, тогтвортой байгаа. Эмчилгээ үргэлжилж байна” гэв.