Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээлэл өглөө.
ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг:
-Тусгай үүргийн гурван онгоцоор ирэх хүмүүсийг хүлээн авахаар бэлтгэл ажлаа хангаж байна.
- Дөрвөн сарын 30-ны Сөүл-Улаанбаатарын чиглэлээр усгай АНУ, Зүүн өмнөд Ази, Европын долоон улсаас 273 зорчигч ирнэ.
- Тавдугаар сарын 1-нд зөвхөн БНСУ-д оршин сууж буй монгол иргэд ирнэ.
- Тавдугаар сарын 3-нд Франкфуртын нислэгээр нийт 13 улсаас 263 зорчигч ирнэ.
Улсын онцгой комиссоос тавьж буй таван шалгуураас гадна оюутан, сурагчдаа хамруулах зарчмыг барьсан. Эхний ээлжинд ирэх 273 зорчигчоос эрүүл мэндийн шалтгаантай 23 хувь, жирэмсэн 10 хувь, өндөр настан болон асран хамгаалагчтай хүн 24, хөгжлийн бэрхшээлтэй хоёр, бага насны хүүхэдтэй гэр бүл 26, оюутан сурагч 15 хувийг эзэлж байна.
Тавдугаар сарын 1-нд БНСУ-д оршин суугаа иргэдээс ирэх зорчигчдыг бас ангилсан. Улсын онцгой комиссоос тавьж буй таван шаардлагаас гадна БНСУ-ын Хууль зүйн яамнаас тавьсан шаардлагын дагуу зарим иргэдийг татан авна. Тухайн улсын Хууль зүйн яамнаас визийн хугацаа дуусч, саатуулах байранд байгаа 33 иргэн болон бидний хэлдгээр визийн хугацаа дуусч, өршөөлийн сар зарласан тохиолдолд эх орондоо буцсан бол дахин виз мэдүүлэх боломжтой болдог. Энэ арга хэмжээнд хамрагдаж буй 200 гаруй иргэн байгаа. Эдгээр иргэдээс аль болох боломжоороо эх орон руугаа татан аваач гэдэг шаардлага тавьсан. Иргэдийг ангилахад, эрүүл мэндийн шалтгаантай 23, жирэмсэн 13, өндөр настан, асран хамгаалагчтай тав, хөгжлийн бэрхшээлтэй долоо, бага насны хүүхэдтэй гэр бүл долоо, оюутан сурагч 20, саатуулагдсан иргэд 12 хувь байгаа. Франкфурт хотын олон улсын томоохон онгоцны буудлыг сонгосон. Уг нислэгээр оюутан сурагч 23, эрүүл мэндийн шалтгаантай 12, жирэмсэн 15, өндөр настан болон асран хамгаалагчтай 20, хөгжлийн бэрхшээлтэй нэг, бага насны хүүхэдтэй гэр бүл 29 хувь байна.
ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян:
-Улсын онцгой комиссын Шуурхай штаб дээр гадаадад суугаа Элчин сайдын яам, Консулын газраас ирсэн нэрсийг тусгай ажлын хэсэг гарган, нягталж эцэслэн “МИАТ” компанид нэрсийг өгсөн. Одоогийн байдлаар дэлхийн 35 орны 9900 гаруй иргэд эх орондоо ирэх хүсэлтээ өгөөд байна. Сүүлийн өдрүүдэд БНСУ-ын Элчин сайдын яамны гадна манай улсын иргэд эмх замбараагүй байдал үүсгэх, дипломат ажилтнуудын эрхэнд халдах, нэр төрийг гутаах үйлдэл гаргаж байна. Иргэддээ анхааруулж хэлэхэд Элчин сайдын яамны өдөр тутмын үйл ажиллагаанд хүндэтгэлтэй хандах асуудлыг онцгойлон анхааруулж байна. “МИАТ” компанийн хоёр онгоцоор иргэдээ үе шаттайгаар татан авна. ОХУ-аас ирэхээр хүсэлтээ өгсөн 570 гаруй оюутан байна. Дөрөвдүгээр сарын 6-наас эхлэн ОХУ-ын бүх их дээд сургуулиуд цахим сургалтад шилжсэн. Тэнд байгаа 2000 гаруй оюутан эх орондоо ирэх хүсэлтэй байна. Туркт байгаа 500 гаруй иргэн эх орондоо ирэх хүсэлтээ илгээсэн. Энэ асуудлыг ойрын хугацаанд судалж байна.
Бид хоёрдугаар сарын 1-нээс хойш нийтдээ 4300 гаруй иргэнээ татан авсан. Эдгээр иргэдийн 2195 буюу 1.7 тэрбум төгрөг тусгаарлах байрны зардалд орсон. Эндээс 60 иргэн нийт 39.5 сая төгрөгийн төлбөрөө төлөөгүй байгаа. Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх тал дээр ярилцаж байна.
БНХАУ-аас гэхэд тэнд хорих ял эдэлж байгаад ирсэн төлбөрийн чадваргүй иргэдийн асуудал үүсч байгаа. Үүний зэрэгцээ, гадаадад буй иргэд хуурамчаар эмнэлгийн бичиг хийж, бүгд өвчтэй гэх хандлага үүсгэж байна. Хуурамчаар бичиг баримт бүрдүүлж буй иргэдэд хариуцлага тооцно” гэв.