ЭМЯ-наас ээлжит мэдээллээ өглөө. 2020 оны дөрөвдүгээр сарын 21-нд ХӨСҮТ болон орон нутгийн хэмжээнд тусгаарлагдсан иргэдээс сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй байна. Сэлэнгэ, Дархан-Уул аймагт тусгаарлагдсан 26 хүнээс шинэ коронавирус илрээгүй. ХӨСҮТ-д 159 хүн хянагдаж байгааг ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү дуулгалаа.
Алтанбулаг боомтоор орж ирж байгаа жолооч нарыг хянах зорилгоор Дархан-Уул аймгийн лабораторийг ажиллуулж, ХӨСҮТ-ээс нарийн мэргэжлийн хүн очиж ажиллаж байгаа аж. Ховд, Дорнод зэрэг аймгууд шинэ коронавирус илрүүлэх лабораторитой болсон байна.
Алтанбулаг боомтоос ачаа тээвэрлэсэн жолооч болон эхнэрээс нь Covid-19 илэрсэн. Аав, ээжтэйгээ цагдаагийн байгууллагад ажилладаг хүүхэд нь уулзсан гэх мэдээлэл ч цацагдсан юм. Энэ талаар Д.Нямхүү захирал: Энэ хүний хүүхэд нь аавтайгаа утсаар л ярьсан, уулзаагүй юм байна гэдгийг хяналтын журмаар шүүж тогтоосон. Эргэлзэх хэрэггүй. Ажлаа хийж байгаа хүүхдийн хувьд ч хэцүү байна, зөв ойлгох хэрэгтэй.
Иргэд маань дархлалын системээ дэмжих хэрэгтэй. Шөнийн 23.00 цагаас өглөө 07.00 цаг хүртэл унтах юм бол залуужуулдаг бодис ялгардаг юм байна. Унтах цагтаа унтвал арьс үс зөөлөрнө, дархлалын систем олноороо үржин хүчтэй болно гэж эрдэмтэд бичсэн байна гэв.