Ерөнхий сайд асан М.Энхсайханы шүүх хурал болж, түүнийг олон нийтийн сүлжээнд хэт идэвхтэй байгаа нь шүүхэд нөлөөлөх оролдлого гэж үзсэн учраас дараагийн шүүх хурал хүртэл цагдан хорих прокурорын саналыг шүүх бүрэлдэхүүн хүлээн авч, тавдугаар сарын 5 хүртэл хорихоор боллоо.
Болсон явдлыг эргэн тоймловол, УИХ-аас гаргасан тогтоолын дагуу Ч.Сайханбилэгийн Засгийн газар Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах үүднээс хөрөнгө оруулалтын гэрээ боловсруулах үүргийг М.Энхсайханд оноосон байдаг.
УГ ГЭРЭЭНД:
- Хөрөнгө оруулалтын гэрээг 30 жилээр хийнэ. Хөрөнгө оруулагч гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн болон хөрөнгө оруулагч хүссэн бол зөвхөн Монголын Засгийн газар зөвшөөрсөн тохиолдолд сунгана.
- Хөрөнгө оруулагч тал Чалко компанийн өр төлбөрийг бүрэн төлөх, нүүрс боловсруулах үйлдвэр, төмөр замын дэд бүтэц барих, бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд хүргэх үр дүнтэй механизм бий болгох үүрэг хүлээсэн.
- Гэрээ зурагдсанаас хойш шууд төлбөрт 650 орчим сая ам.доллар, дэд бүтцийн хөрөнгө оруулалтад 3 тэрбум орчим ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ.
- Монгол Улсын хуульд заасан бүх татвар хураамжийг төлнө.
- 5-8 хувийн рояалти төлнө.
- Хөрөнгө оруулагч тал нүүрсэн бүтээгдэхүүнийг 2-оос доошгүй зах зээлд борлуулна. Бүтээгдэхүүний 75 хувийг БНХАУ-ын зах зээлд, 25 хувийг Япон, Солонгос, Энэтхэг зэрэг улсад экспортолно гэж тусгажээ.
Гэрээг зурсан бол нүүрсний зах зээлд нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн борлуулж, Монгол дэлхийн хэмжээний өрсөлдөгч болох, борлуулалтын орлого, хөрөнгө оруулалт, төсөл дагасан санхүүжилтээр дамжин гадаад валютын урсгалыг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийн бууралтыг зогсоох, жилд 340 гаруй тэрбум төгрөгийн татвар хураамж олох боломжтой байсан.
Гэвч, гэрээ зурагдаагүй бөгөөд хэрвээ зурагдсан бол Х.Баттулгын төмөр замын төслөөс мөнгө угаасан нь илрэх байв.
Х.Баттулга, М.Энхсайхан хоёр эртний өстэй. Учир нь, МТЗ-ын даргаар ажиллаж байхдаа М.Энхсайхан, ХХААХҮ-ийн сайд Х.Баттулгатай өргөн, нарийн царигаас болж муудалцаж байсан. Өнөөдөр төмөр замыг нь нүүрстэй нь хулгайлсан хүн ордонд сууж, харин төмөр зам барих гэсэн нь шоронд суулаа.