СOVID-19 халдварын цаг үеийн асуудлаар ЭМЯ-наас өгсөн /2020.04.16/ ээлжит мэдээллийг хүргэе. 2020 оны дөрөвдүгээр сарын 15-нд ХӨСҮТ-д болон Монгол Улсад сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй аж. Алтанбулаг боомтод ажиллаад ирсэн эмч, ажилтан, тээврийн жолооч нарын 44 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна.
Харин ОХУ-аас ирээд “Амар” зочид буудалд тусгаарлагдаж байсан нэг иргэнээс коронавирус илэрчээ. Ингэснээр манай улсад 31 дэх тохиолдол бүртгэгдлээ.
Батлагдсан 31 тохиолдлын тав нь эдгэрч эмнэлгээс гарсан бол үлдсэн 26 хүн нь ХӨСҮТ-д эмчлүүлж байна. “Сонгдо” эмнэлэгт үйлчлүүлж байсан хоёр иргэнд эсрэг бие илрүүлэх шинжилгээ хийхэд эсрэг бие илрээгүй аж. Энэ нь тухайн иргэд шинэ коронавирусээр өвдөөгүй гэсэн үг хэмээн ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү тайлбарлалаа. Тэрбээр “Эдгэрээд гарсан таван хүний ийлдэс нь ХӨСҮТ-ийн банканд хадгалагдаж байгаа. Түүнд эсрэг бие илрүүлэх шинжилгээ хийхэд эсрэг бие илэрсэн.
Бид эмчилгээний үр дүнг шалгах зорилгоор эмчлүүлж буй хүмүүстээ вирус илрүүлэх шинжилгээ болон вирусийн эсрэг үүсдэг бие илрүүлэх шинжилгээг хийдэг. Шинэ вирусийн үед бид бүгдийг баримтжуулж, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг бусад орны адил тогтмол хийж байна” гэв.