2024.04.25, Thursday
spot_img
НҮҮР3Ч.Бат-Уянга: Монголын хүн амын тал нь ядуу

Ч.Бат-Уянга: Монголын хүн амын тал нь ядуу

Фээсбүүкийн найз хуульч Ч.Бат-Уянгын бичвэрийг амтархан уншина. Тэрбээр ядуурал, нийгмийн давхрагын ялгааны учир шалтгааныг олж хөнддөг. Бид ядуурлыг пий, паа гэж хүлээж авахаасаа илүү шалтгаан үр дагаварыг нь олж харах ёстой юм. Товчхондоо, ядуурал хувь хүн буруутай юу эсвэл төрийн бодлого зохицуулалт ядуурлыг бий болгодог уу гэж. Мэдээж, хэн ч ядуу амьдрахыг хүсэхгүй. Гэвч, Монголд анги, нийгмийн ялгаа улам томорсоор, Зайсан ба Улаанчулуут гэх хоёр том ялгарал бий болжээ. Тэр ялгааг багасгаж, дундаж давхрагыг тэлж ажлын байр бий болгох нь төрийн үүрэг юм. Нэн ялангуяа боловсролыг тэгш байдлыг бий болгож, ялгааг арилгаж байж ядуурал буурна. Энэ талаар Ч.Бат-Уянгын бичсэн нийтлэлийг хүргэж байна.

Хүн хүссэн, хүсээгүй ямар нэг нийгмийн давхаргад хамаарна. Дундаж давхарга нтр гээд өмнө нь сонсож л байсан байлгүй. Саяхан 2018 онд хийсэн “Ядуурлын дүр төрх судалгаа”-г уншив. Манайх 3 сая иргэнтэй. 900 мянга нь ядуу, 400 мянга нь ядууд ойрхон буюу ганц шуурганд ядуу болчих хүн ажээ. Тэр шуурга нь саяны жилийн хөл хорио болсон байж магад. Ингээд бүдүүн тоймоор тооцвол нэг сая 300 мянга орчим иргэн буюу хүн амын тал нь шахуу ядуу.

Мөнөөх 2018 оны тооллогын ядуу 900 мянгын 400 мянга хавьцаа нь 15 нас хүртэлх насны хүүхэд. Ядуу таван хүн тутмын хоёр нь хүүхэд гэсэн үг.

ЯДУУ гэж яаж тооцож байна гэхээр нэг сард 166 мянгаас илүү хэрэглээгүйг тооцсон байна. Одоо бол 200 мянга хавьцаа болсон байх. 166 мянга, за 200 мянган төгрөг гэж юу авч хүчрэх мөнгө вэ? Энэ оны 3 сарын ханшаар Хархорин захаас 17 кг ястай үхрийн мах авах мөнгө. Хажуугийн цайны газраас 6000 төгрөгний хоол 30 удаа авах мөнгө. Хархорин зах ороод 5 кг үхрийн ястай мах+5 кг Алтантариан II гурил, 5 кг монгол төмс, 1 кг монгол лууван, 5 кг цагаан будаа, 1 ширхэг ургамлын тос, 1 кг элсэн чихэр, 1 уут давс авахад 100 мянган төгрөг нь дуусна. Нийгмийн давхарга хооронд шилжих боломж гэж ойлголт байдаг. “Ядуу” хүн дундаж давхаргын хүн болох боломж нийгэмд нээлттэй, уян хатан байх тухай ойлголт гээд энэ бичвэрт ойлгоё. Солонгос кинонд ядуу айлын охин нэг айлд гэрийн үйлчлэгч хийгээд гэрийн эзэнтэйгээ дурлалцаад гэрлээд дуусдаг даа? Ядуу, баян гэх нийгмийн 2 давхарга огтолцох, уулзах цэг ердөө “гэрийн үйлчлэгч-гэрийн эзэн” гэх нөхцөл л болсныг, тэр 2 давхаргыг нэгтгэх буюу давхарга хооронд шилжих боломж нь ердөө “ХАЙР” гэх сэтгэлтэй холбоотой, ухамсаргүй төлөв болж буйг харуулсан байж магад. Нийгэм нь уян хатан, боломж олгосон бус болж буйг гэсэн үг.

Онол, практикийн хувьд давхарга хооронд шилжих хамгийн том хэрэгслийн нэг нь “БОЛОВСРОЛ” байдаг.

Тиймээс ядуу өрхүүдэд хүнс буюу өнөөдрийг нь аврах тусламж өгөхөөс гадна /чухал/ хүүхдүүдэд нь арван жилийн сургуульд сурах, үргэлжлүүлэн ахисан түвшинд суралцах боломж олгохоор ихэнх ядуурлыг бууруулах бодлого зорьдог. Эргээд өнөө “Ядуурлын дүр төрх” судалгаа руу оръё. Манай “ядуу” хүмүүсийн ихэнх нь дунд ангиас цааш суралцаагүй, ядуу 10 хүн тутмын нэг нь дээд боловсролтой байв. Эсрэгээрээ “баян” ангиллын хүмүүсийн тэн хагас нь дээд боловсролтой байна.

Боловсролын түвшнээс хамаарч “ядуу” хүн хамгийн бага цалинтай, хар бор, гэмтэх, бэртэх эрсдэл өндөр ажлыг хийх аж. Эргээд цалингаа авч чадаагүй, ажил дээрээ гэмтсэн бэртсэн хүмүүсийн олонх “ядуу” хүн. /Өөр судалгаанаас эш татав/.

Сургууль завсардсан, сургуулиа хаяхад их ойрхон буй хүүхдүүдийг судалсан судалгаа өмнө нь бичиж байсан. Боловсрол эвслийн сайтад бий. Тэр хүүхдүүд голцуу ядуу давхаргын хүүхдүүд байсныг санаж байна.

Гурван сая иргэний 900 мянга (+400 орчим мянга) нь “ядуу”, ядуурахад ойрхон байна, тийм үү? Ийм “том” тооноос (үнэн бол) олон дүгнэлт хийж болно. Ямар ч байсан 900 мянган иргэний нэг болох дугаар хорооны иргэн Бат-Уянгын арчаагүй, залхуу, заваантай, хүүхдийн 100 мянгаа аваад дургиж хэвтэхтэй шууд, 100 хувь холбоотой байж чадах уу? Манай боловсролын тогтолцоо ядуу хүүхдийг суралцуулахыг дэмжих, тэтгэлэг өгөх зэрэг бодлого барьдаг уу? Боловсрол өөрөө баталгаа болж чадаж байна уу?

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!