2024.03.29, Friday
spot_img
НҮҮР1Х.Тэмүүжин: АН-ыг сүнсээ олоход туслаарай

Х.Тэмүүжин: АН-ыг сүнсээ олоход туслаарай

АН-ын ҮБХ-ны гишүүдээс өнөөдөр тус намын Улс төрийн зөвлөлд шаардлага хүргүүлжээ. Энэ тухай Х.Тэмүүжин, З.Нарантуяа, Ц.Батцогт, Ц.Баатархүү нар өнөөдөр Төв шуудангийн өмнө байрлах АН-ын төв байранд мэдээлэл хийлээ.

Шаардлагын утга нь ҮБХ-ны ээлжит бус хуралдааныг яаралтай зарлаж, цаг үеийн асуудлыг хэлэлцүүлэх явдал. Цаг үеийн асуудал гэдэг нь маргаантай байгаа тамга тэмдгийн асуудлыг шийдвэрлэх, үүний тулд намын Их хурлыг товлон зарлаж, намын шинэ даргыг томилох асуудал юм.

Өнөөдөр Ерөнхийлөгчийн сонгууль болоход тавхан сарын хугацаа үлдчихээд байхад тус нам даргагүй /УДШ С.Эрдэнийг намын даргаар бүртгэхээс татгалзаж, мөн Ц.Тувааныг цахим бүртгэлээс хассан/, хоёр тусдаа тамга тэмдэгтэй болчихоод байгаа билээ. Үүнийг шийдвэрлэхийн тулд ҮБХ хороо хуралдаж, намын Их хурлыг товлон зарлах учиртай.

Энэ сард УДШ-д бүртгүүлэхээр өгсөн намын шинэ дүрэмд зааснаар намын даргыг намын Их хурал дээр нэр дэвшүүлж сонгох ёстой. Үүний дараа тус намаас ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулах юм.

Хэвлэлийн бага хурлын үеэр АН-ын дэд дарга асан, ҮБХ-ны гишүүн Х.Тэмүүжин намынхаа гишүүдэд хандаж дараах мэдэгдлийг хийлээ. Сануулахад, тэрбээр саяхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа “АН-ын даргын өрсөлдөөнөөс хойш суух бодолгүй” гэдгээ мэдэгдсэн билээ.

Х.Тэмүүжин:

“Айл гэр хэрүүл уруултай байхад олон түмэн ойртох битгий хэл үр хүүхэд нь зугтдаг жамтай. Тийм учраас бид тогоон дотроо эвтэй хүлээцтэй байж гадна талдаа төр талдаа хяналттай хариуцлагатай хүчтэй байх ёстой.

Төрийн ордонд нь хулгайч луйварчид ороод суучихсан, төр улсынх нь толгой дээр худалч урвагчид заларсан байгаа энэ үед Монголын төрөөс эерэг үзэл, шинжлэх ухаанч байдал үнэртэхээ больсон. Цэрэг хувцас, сүгсэлзсэн ёсолгоо хоёроор асуудал шийдэгдэхгүй гэдэг нь тодорхой харагдаж байна. Ард иргэдийн амьдрал, бизнес, залуусын хүсэл мөрөөдөл үгүй болж байна.

Тийм учраас хоосон хийрхсэн улс төрийн пиараар биш эрүүл саруул ухаанаар асуудлыг шийддэг болмоор байна. Харалган төр засгийн эсрэг хүчтэй дуу хоолой гаргахын тулд АН эхлээд өөрсдийн толгой дээрх бухлаа харах ёстой. Сөрөг хүчнийхээ орон зайг эзэлье. Та бүхэн АН-ыг дахин сүнсээ олоход туслаарай дэмжээрэй гэж хүсье” гэв.

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!