2024.04.24, Wednesday
spot_img
НҮҮРМонголУИХ-ын даргаар Г.Занданшатарыг улираан сонгов

УИХ-ын даргаар Г.Занданшатарыг улираан сонгов

Нэмэлт:

Г.Занданшатарыг УИХ-ын даргаар сонгохыг гишүүд 100 хувийн саналаар дэмжиж, томиллоо.

УИХ-ын дарга Г.Занданшатар :

-Байнгын ажиллагаатай парламентын бүрэн эрх албан ёсоор хэрэгжиж эхэлж байна. УИХ төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаа сонгон байгуулсан ард иргэдэд талархал илэрхийлье.  Улс төрийн дөрвөн нам парламентад суудалтай боллоо. МАН үнэмлэхүй олонх болсон нь У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газрын эхлүүлсэн ажлыг үр дүнд хүргэх, тогтвортой, хариуцлагатай төрийн бий болгох итгэл гэж үзэж байна. Монголын сайн сайхны төлөөх ухрах, иргэдийнхээ итгэлийг хугалах эрх байхгүй учир Монголоо сэргээн мандуулах, хөгжлийн шинэ эринийг эхлүүлэх үүрэг бидэнд оногдож байна. Тиймээс УИХ яаралтай хуулийн реформ, эдийн засгийн реформ, эдийн засгаа солонгоруулахын тулд хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих, төрөө төвшитгөх сайн засаглалыг бий болгож ёс зүйг сахиж, УИХ-ын Ёс зүйн дэд хороог байнгын хороо болгох, Хянан шалгах дэд хороог яаралтай байгуулах, иргэдийн нийгмийн хамгааллын чиглэлээр хэрэгжүүлж буй ажлуудыг үргэлжлүүлэх зэрэг таван чиглэлээр УИХ-аас ажлын хэсэг байгуулж, ойрын үед ажилдаа орно. Улс орны нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал хүнд цаг үед амрах зав байхгүй. Тиймээс хүчээ нэгтгэхийг та бүхнээс хүсч байна.

Нэмэлт: 

УИХ-ын анхдугаар чуулган үргэлжилж байгаа бөгөөд хуралдааны эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нээж, үг хэлсний дараа Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн сонгуулийн дүнг анхдугаар чуулганы хуралдаанд танилцууллаа. Үүний дараа СЕХ-ны дүнтэй холбогдуулан гишүүд асуулт, тодруулга авлаа.

Нэмэлт:

УИХ-ын Анхдугаар чуулганыг нээж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлж байна. “УИХ-ын эрхэм гишүүд ээ! Найм дахь удаагийн УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулиар сонгогчдын итгэлийг авч сонгогдсонд баяр хүргэж, амжилт хүсье.

Улс орны өмнө эдийн засаг, нийгмийн асар олон бэрхшээл тулгарч, шийдлээ хүлээж байгаа, цаг алдалгүй шуурхай,  үр дүнтэй ажиллах, зөвхөн зөв шийдвэр гаргах ёстой хариуцлагатай цаг үед Та бүхэн хууль тогтоогч боллоо. Төрийн дээд эрх мэдэл Та бүхэнд шилжлээ. Та бүхэн нэгэнт ард олны итгэлийг авсан тул хариуцлагатай, ёс зүйтэйгээр олны итгэлийг дааж, иргэдийнхээ боломжийг хулгайлах, урдуур нь орж өөртөө ашиглах бус иргэддээ үйлчлэх, тэдэнд илүү их боломжийг гаргахын төлөө ажиллах ёстойг хатуу сануулъя.

Учир нь өмнөх УИХ-ын гишүүд Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас нэн хөнгөлөлттэй зээлийг өөрийн хамаарал бүхий компаниудаар дамжуулан их хэмжээгээр, олноороо авсан увайгүй хэрэг гарсан. Мөн хүний амь хөнөөсөн, хүчин хийсэн, улсын сангийн мөнгийг, газрын баялагтай лицензийг өөрсдөдөө хууль зөрчин олгосон гэх мэт асар олон гэмт хэрэг, ёс зүйгүй үйлдэлд УИХ-ын гишүүд удаа дараа нэр холбогдож, хууль тогтоох, төрийн эрх барих дээд байгууллагын нэр хүндийг унагах, ард иргэдийн итгэлийг алдах явдал удаа дараа гарч байлаа. Хуульд УИХ-ын гишүүд гэмт хэрэг үйлдэж байх үед үйлдэл дээрээ, газар дээрээ баригдсан үед л хуулийн хариуцлага хүлээлгэхээр заасан нь гэмт хэрэг үйлдэх нөхцөлийг өөгшүүлсэн заалт гэж ойлгогдохоор болоод байгаа юм. Үйлдэл дээр нь барих, илрүүлэх гээд сахиад явах боломж байхгүй нь ойлгомжтой тул үүнийг өөрчлөх цаг болсон байна. Эрх мэдлээ ашиглан өөртөө болон ойр дотныхондоо давуу байдал олгосон шийдвэрээ өөрийнхөө гарын үсгээр баталгаажуулсан баримт нь байхад хуулийн хариуцлага хүлээлгэх ёстой” гэлээ. Мөн Сонгуулийн ерөнхий хорооны удирдлагыг огцрох ёстойг санууллаа.

УИХ-ын Анхдугаар чуулганыг өнөөдөр 12.00 цагт зарлалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга  өнөөдөр /2020.06.30/ зарлиг гаргалаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт “Монгол Улсын Үндсэн хуулийн хорин долдугаар зүйлийн 4, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

Монгол Улсын Их Хурлын найм дахь удаагийн сонгуулийн Анхдугаар чуулганыг 2020 оны зургадугаар сарын 30-ны өдрийн 12.00 цагт товлон зарласугай” гэжээ.

Анхдугаар чуулганд УИХ-ын гишүүний үнэмлэхээ авсан 76 хүн хүрэлцэн ирэх ёстой. Чуулганаар шинэ гишүүд тангараг өргөж бүрэн эрхээ баталгаажуулах юм. Мөн УИХ-ын даргыг томилно.

АНХДУГААР ЧУУЛГАНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ:

УИХ-ын тухай хууль:

  •  14.3.1. шинээр сонгогдсон гишүүдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх
  •  14.3.2. Улсын Их Хурлын дарга, дэд даргыг сонгох
  •  14.3.3. Байнгын болон дэд хороодын бүрэлдэхүүнийг баталж Байнгын хорооны дарга нарыг сонгох
  •  14.3.4. Ерөнхий сайдыг томилох
  •  14.3.5. Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хууль хэлэлцэн батлах
  •  14.3.6. Засгийн газрын гишүүдийг томилох
  •  14.3.7.Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийг шинэчлэн батлах эсэх асуудлыг шийдвэрлэх
  • 14.4. Анхдугаар чуулганаар зохион байгуулалтын бусад асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж болно.
  • 14.5.Анхдугаар чуулганаар энэ хуулийн 14.3.7-д заасан асуудлаар санал хураалт явуулж, нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь дэмжсэн бол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийг шинэчлэн батална.
Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!