2024.04.20, Saturday
spot_img
НҮҮР3ЗХЖШ байлдагчийн амийг МӨНГӨӨР ҮНЭЛЭВ

ЗХЖШ байлдагчийн амийг МӨНГӨӨР ҮНЭЛЭВ

ЗХЖШ байлдагчийн амийг МӨНГӨӨР ҮНЭЛЭВ

ЗХЖШ-ынхан өчигдөр /2021.03.31/ мэдээлэл хийлээ. Захирагчдаа зодуулж, амиа алдсан байлдагчийн талаар. Гэхдээ тэнд Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Ганзориг нар байлцсангүй.

Сэтгүүлчдийн асуултад Зэвсэгт хүчний Жанжин штабын Хяналт, шинжилгээ, үнэлгээний газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, хурандаа Д.Ариунболд хариулжээ.

-Зөвхөн ангийн захирагчид хариуцлага тооцох биш та бүхэн яагаад хариуцлага хүлээхгүй байна вэ?

-Ангийн захирагчаас эхлүүлээд бүх хүмүүст албан шалгалт явуулдаг. Шалгалтын дагуу сахилгын шийтгэл оногдуулна.

-Цэргийн ангид захирагч нь байлдагчаа, цэрэг нь цэргээ дэглэх нь хэвийн үзэгдэл. Яагаад үүнтэй тэмцэхгүй байна вэ?

-Бид шаардлагатай арга хэмжээнүүдийг авч байна. Энэ байдлыг таслан зогсоохоор ажиллаж байгаа.

Хэрэг гарсан Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн захирагч, хурандаа С.Батболдыг ажлаас нь чөлөөлж. Гэхдээ түүнээс өөр хариуцлага хүлээсэн хүн алга байна.

Зэвсэгт хүчний жанжин штабын Хяналт, шинжилгээ, үнэлгээний газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, хурандаа Д.Ариунболд сэтгүүлчдийн асуултад цааш нь хариулахдаа “Талийгаачийн ар гэрийнхэнд хуулийн хүрээнд таван жилийн цалин хөлстэй тэмцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг олгоно. Мөн ажил явдлынх нь мөнгийг олгох тушаал гарсан” гэв.

Эр хүний үүргээ биелүүлж, эр цэргийн албаа хааж яваад бусдын гарт харамсалтайгаар зодуулж амиа алдсан байлдагчийн амийг Монголын төр мөнгөөр үнэлэж, асуудлыг намжаахаар шийджээ.

Эрүүл саруул хүүгээ алдсан ээжийн насан туршийн сэтгэлийн шархыг энэхүү мөнгөн тэтгэмж эдгээж чадахгүй нь лав. Энхрий хүүг нь энэ мөнгө орлохгүй нь бүүр үнэн. Хүний амийг мөнгөөр үнэлэх аргагүй. Хүүгийнхээ амийг Монголын төрөөс нэхэх ёстой.

Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн салаан дарга, дэслэгч Г нь согтуугаар байлдагч Б-г зодож амийг нь хөнөөсөн харамсалтай хэрэг гарсан. Байлдагч толгойдоо маш хүнд бэртэл авсан тул эмчилгээ авч чадалгүй нас барсан талаар Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн эмч Б.Хандмаа мэдээлэл өгсөн юм.

Байлдагч нь зодуулж, хүчирхийлүүлж, амиа алдсан байхад салбарын сайд Г.Сайханбаяр яагаад албан тушаалтайгаа зууралдан амаа нээхгүй байна вэ. ЗХЖШ-ын дарга Д.Ганзориг юунд чив чимээгүй “алга” болчихов. Ерөнхий командлагч Х.Баттулга эрх бүхий албан тушаалтнуудын толгойг илсээр байх уу. Яагаад, яагаад, яагаад…

Хүний амийг мөнгөөр үнэлж, асуудлыг нам дарчихна гэж ЗХЖШ-ын удирдлагууд тооцож байгаа бол ёстой уучлаарай. Энэ бол Монголын зэвсэгт хүчний салбарт анх удаа гарч байгаа хэрэг биш. Он гарсаар гурван сарын хугацаанд хоёр ч цэрэг амиа алдлаа. Жилдээ ийм ноцтой хэрэг, харамсалтай явдал цөөнгүй гардаг. Тэр байдлыг таслан зогсоох, эх орны нэрээр дуудаж аваачсан юм бол эх орон нь амийг нь “араатнууд”-аас хамгаалах үүрэгтэй, ёстой. Тиймээс өнөөдөр Монголын армид бугшсан асуудлаа арилгах талаар анхаарах шаардлагатай байв. Тэр тусмаа байлдагч нараасаа мөнгө нэхдэг, “татвар авдаг” согтуу захирагч нараас нь, алуурчдаас, хүчирхийлэгчдээс Монголын армийг хамгаалах цаг болсон байна.

Дарга нар нь цэргээ дэглэдэг, оны ялгаа гаргадаг энэ үзэгчдлийг таслан зогсоогоогүй цагт эр цэргийн албанд хүүгээ, дүүгээ бүү явуул. Ингэж байж цэргийн анги дахь дэглэлт нэртэй яргаллыг зогсоож чадна.

Талийгаачийн ээж Б.Баттулгын мэдээлснээр “Миний хүү зодуулсны улмаас тархиндаа цус харваж, маш их цус алдаж, амнаас нь хөөс сахарсан байдалтай эмнэлэгт хүргэгдсэн. Хүү минь маш харамсалтайгаар бусдын гарт амиа алдлаа. Миний хүү цэрэгт явснаасаа хойш ойр ойрхон мөнгө шилжүүлээч гэдэг болсон” хэмээн мэдүүлсэн бөгөөд талийгаач Б нь ар гэрийнхнээсээ ойр ойрхон “Итгэлийн Энхтөгс” гэх хүний данс руу мөнгө шилжүүлэхийг хүсдэг байсан аж. Түүнчлэн зодуулахынхаа өмнөх өдөр нагац ахынхаа гар утас руу залгаж, “Ах аа, над руу яаралтай 60 мянган төгрөг явуул” гэж хэлээд утсаа тасалсан талаар ар гэрийнхэн нь мэдүүлжээ.

Зэвсэгт хүчний жанжин штабын ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал С.Дашзэвэг “Хэрэг гарах үед байсан алба хаагчдад шат дараалсан арга хэмжээ авахаар ажиллаж байна. Бүх цэргийн ангийн дарга нартай цахимаар хурал хийж, үүрэг чиглэл өглөө. Бид цаг хугацаа алдалгүй дүгнэлт хийж, арга хэмжээ авч ажиллаж байна. Цаашид сахилгын арга хэмжээг авах болно” гэж. Ниргэсэн хойно нь хашгирах биш яагаад өмнө нь урьдчилсан сэргийлж, хяналт тавьж ажиллаагүй юм бэ. Өнгөрсөн хоёрдугаар сард цэргийн ангийн дэглэлтийг тэвчиж чадалгүй бас нэгэн байлдагч амиа хорлосон байхад, яагаад ажлаа хийгээгүй юм бэ?

Ёс зүй алга гэхнээ ядаж жаахан ч гэсэн өвдөх зүрх, хүн чанар байгаа бол Г.Сайханбаяр сайд, ЗХЖШ-ын дарга Д.Ганзориг нар ОГЦРОХ ёстой байлаа!

Б.НИРУН

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!