2024.04.20, Saturday
spot_img
НҮҮРМонголСпортын холбоод ба улс төр

Спортын холбоод ба улс төр

Ерээд онд Монголд амьдрал хүнд байсныг хүн бүхэн мэднэ. Улсаараа ядуу, картын бараанаас дөнгөж салж байсан, эдийн засаг өсөлтгүй, хямралд автчихсан хүнд хэцүү үед урлаг спортод мөнгө зарцуулах нь битгий хэл цахилгаан станц нь гал алдах гээд зовоож байсан.

Спорт энэ тэр илүү зардал, тансаг хэрэглээ шиг санагдаж орхигдсон байлаа. Олимпод оролцох тамирчныхаа зардлыг хүртэл гаргаж чадахгүй дээрээ тулж байсан юм.

Ийм хүнд хэцүү байдалд биеийн тамир спортын холбоодууд хэн нэгэн мөнгөтэй хүнийг бараадах, тэднээр ивээн тэтгүүлэх, эсвэл эрх мэдэлтнүүдийг өөрийн холбооны ерөнхийлөгчөөр томилж, тэднээр нүүр хийж, эрх мэдэлтэн улс төрчдийн нэрээр гул барьж эхэлсэн. Мөнгөгүй ядуу тамирчид дасгалжуулагчид хэн нэг спорт сонирхогч улс төрчийг хөөргөж, тэднийг уярааж байж, ямар нэг тэмцээн уралдаанд оролцох зардал мөнгөө гаргаж авна. Ингэж зардлаа өөрөө олж авч чадахгүй бол ямар нэгэн тэмцээнд оролцох нь лөөлөө болно.

Тамирчин өөрөө ч юм уу, дасгалжуулагч нь яваад мөнгө босгох нь хүндрэлтэй. Тэр бүр бүтэхгүй. Ид амжилтын оргил үедээ байгаа тамирчин нэг ч болов тэмцээнд оролцож байж өөрийгөө хүмүүст таниулахгүй бол боломжоо алдаж, унтарна.

Тэгэхээр улс төрчдийн тархийг барихаас өөр зам үлдэхгүй болдог биз. УИХ-ын гишүүдийн нэр нөлөө, танил талын хүрээ нь ядуу тамирчдаас эрх биш илүү байлгүй яахав. Ивээн тэтгэгчийг олж, мөнгийг нь босгодог юм байгаа биз. Харин үүнийхээ төлөө “хүн ёсны” өртэй үлдэнэ. Сонгуульд түүнийг дэмжинэ, сонгуулийн сурталчилгаанд оролцоно.

Яван явсаар нэг тамирчин биш нийт холбоогоороо нэг улстөрчийн хармаанд ордог бололтой.

Тэр байдал нь одоо ч хэвээр. Та бодоод үзээрэй, спортын бүхий л холбоодын ерөнхийлөгч нь ёс юм шиг хэн нэгэн улс төрч байгаа. Нэг хэсэг тэдэнгүйгээр болохгүй, спорт хөгжих боломжгүй байсан бол одоо эргээд тэдгээр улс төрчид нь спортын холбооны ерөнхийлөгч гэх сэтэргүйгээр байж чадахааргүй болж. Энэ сэтэр нь тэднийг спортод элэгтэй, спортын төлөө асар их зүйлээ зориулдаг, тухайн спортод дуртай гэх имиджийг бүрдүүлж, спорт сонирхогчдыг өөртөө татан, спортоороо дамжуулан улс төр дэх карьертаа дэмжлэг авдаг механизм, сонгуульд санал авах хэрэгсэл болж хувирчээ. Харин энэ байдал нь эргээд спортын хөгжилд чөдөр тушаа болж байгаа юм.

Улс төрчид спортын хөгжилд тодорхой хэмжээний хувь нэмрээ оруулж байсан тэр цаг үе өнгөрчээ. Улстөрчид мөнгө босголцох менежерийн л үүрэг гүйцэтгэж байсан бол одоо чадахаа больсон байна. Өөрөөр хэлбэл спортын хөгжлийн хурдыг гүйцэхээ байж. Одоо ийм улстөрөөр дамжсан дундын зуучлагчгүйгээр тамирчид болон ивээн тэтгэгчид шууд харилцах сонирхолтой байна. Улстөрчдөөс илүүтэйгээр бизнесмэнүүд, томоохон компаниуд спортын аль нэг баг, уралдаан тэмцээнийг ивээн тэтгэх, түүгээр дамжуулан бизнесээ сурталчлах, брэндээ хүмүүст таниулахыг хүсэх болж. Тэгэхээр улстөрч эрхмүүд спортод илүүдэж байна. Жишээ нь, Х.Баттулга жүдог, Д.Дагвадоржийн хоёр хүү чөлөөтийг, С.Эрдэнэ сагсан бөмбөгийн хэдийг “өмчлөөд” авчихсан. Бүр жүдогийн дэд ерөнхийлөгч нь манай Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд гээд боддоо. МҮБХ нь Б.Бат-Эрдэнэ гишүүний халаасанд оров.

Тиймээс нэн тэргүүнд спортын холбоодыг улс төрөөс ангид, улс төрөөс хараат бус байдлаар хөгжүүлэх хэрэгтэй юм. Спортын холбоодыг өөрийн улстөрийн карьер хийх хэрэгсэл болгож байгаа нэр бүхий улс төрчдийг спортын холбоодоос зайлуулж, спортыг хөгжлийн зөв гольдролд нь оруулах нь Монголын спортын хөгжилд нэн тулгамдсан асуудал болоод байна.

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!