Татвар төлөгчдийн буюу төсвийн 97 тэрбумаар баригдаж буй хотын захиргааны шинэ байрнаас Ерөнхийлөгч Х.Баттулгын охин Намууны нэр дээр байдаг “Залуу бизнес эрхлэгчдийн зөвлөл” ТББ-д өгөхөөр болсон талаар хэвлэлийнхэн баримт нотолгоотойгоор шүүмжлэн бичиж байгаа. Харин өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулиар “Тэргүүн охин” гэгдэж явсан Б.Намуун энэ талаар ямар нэгэн тайлбар хийгээгүй атлаа аавыг нь нэр дэвшүүлэхгүй болсонд нүүр номоороо бухимдлаа илэрхийлжээ. 

Тэрбээр “Х.Баттулгыг л нэр дэвшүүлж болохгүй гэж “тэд” бүхнийг хүчлэв, бүгдэд нөлөөлөв. Сонгуульд дахин нэр дэвших эрхгүй хэмээн олонхийн сүр хүчийг үзүүлэв. Харин тэднээс аав минь айсангүй, сүрдсэнгүй. Шударга ёс, эрх зүйт төрийн төлөө, Монголын ард түмний эв нэгдлийн төлөө буланд шахагдсан ч тэмцсээр, Төрийн тэргүүний зангаргийг харуулсаар байна. Монгол Улсад хууль, дүрэм мөрдөгдөхөө больж, хүчээр түрий барьдаг, олон нийтэд хуулийн дагуу ажиллаж байгаа мэтээр харуулдаг, ярьдаг хэр нь амьдрал дээр “хүчинддэг” болсныг нэг хүний эсрэг тэмцэх Монгол төр харуулж байна.

Үндсэн хуулийн Цэцийн Бага суудлын хуралдаан үргэлжилж байхад нэг гишүүнийг татаж, Дунд суудлын хуралдааны бүрэлдэхүүнийг нь өөрчилж байгаад Ерөнхийлөгчөө нэр дэвших эрхгүй болгох дүгнэлт гаргуулсан. Эрх баригчдаас өгсөн үүрэг даалгаврыг хууль зөрчин биелүүлдэг дуулгавартай бүтэц бий болжээ. Монгол Улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолын гол баталгаа болсон Үндсэн хуулийг үнэгүйдүүлж, хэнээс ч хараат бусаар Үндсэн хуулийг манаж, чандлан сахиулах учиртай Үндсэн хуулийн цэцийг ард иргэдэд хүлээн зөвшөөрөгдөх аргагүйд хүргэжээ.

Гэхдээ ардчилалын жам ёсыг мухардалд оруулж, дүрэм журмыг өөрсдөө бүтээдэг “мэргэжлийн” улстөрчдөд Монгол ялагдахгүй.

“Тэд” Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл санаа, суурь зарчмыг элдвээр мушгин, дур зоргоороо тайлбарлаж, Цэцийн гишүүдийг намын нөлөөллөөр томилох, чөлөөлөх, үүрэг даалгавар өгч гүйцэтгүүлэх ажлыг хийж чаддаг юм байна. Улсынхаа Ерөнхийлөгчийн үндсэн эрх, эрх чөлөөнд халдаж, шахан хавчиж, Цэцийн дүгнэлтийг шуурхай хэлэлцэж, хүссэн шийдвэрээ гаргуулдаг юм байна.

Албан тушаал, эрх мэдэлд “сохорсон”, улсын биш намын эрх ашгийг тэргүүнд тавьж, Үндсэн хуулийг гууль болгогчидтой шударга, үнэнээр тулалдаж байгаа ганцхан хүнээс тэгтлээ сүрдэж, нухчин дарах гэж улайран тэмцэж байгааг тань харахад улсын төлөөх биш хувийн үзэл баримтлалд тулгуурласан итгэл үнэмшил та бүхнээс “үнэртэж” байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлж, оролцуулахгүйг хичээхдээ явуулж байгаа ядмаг үйл ажиллагаа нь Халтмаагийн Баттулга гэдэг хүний улс Монголынхоо төлөө зүтгэх цаашдын үйл ажиллагаанд огтхон ч саад болохгүй.

Хуульт ёсыг устгасан, улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолыг сулруулсан, үндэсний эв нэгдлийг задлан бутаргасан, Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг авах гэсэн зүй бус үйл ажиллагаа үнэнд гүйцэгдэх өдөр ирдэг жамтай. Улс төрчид, нам засгийг төрийн дээр залахдаа хуулиас гадуурх дарангуйллыг тогтоо гэж ард түмэн чинь сонгодгүйг сана.

Үндэстэн, төр, хуулийн засаглалтай цэгц шударга нийгэм, улс орныхоо мандан бадралын төлөө хоёргүй сэтгэлээр ажиллаж, өргөсөн тангаргаа үл умартан, үнэнчээр зүтгэсэн аав минь өнөөдөр эрх мэдэлтнүүдийн шахалт, хавчлагын эсрэг ард түмэнтэйгээ хамт зогсож байна.

Ард түмнээс сонгогдсон Монгол Улсын Ерөнхийлөгчид аль нэг нам засаг биш ард түмэн дүнгээ тавих ёстой. Итгэл дааж, зүтгэл гарган тэмцдэг гэдгээ энэ амьдралаараа харуулж, зорьсноосоо ухардаггүй, чин шударга төрийн зүтгэлтэн гэдгийг Монголын ард түмэн мэднэ” гэжээ.

А.АНАР