2024.04.19, Friday
spot_img
НҮҮР1Х.Баттулга алуурчид, авлигачдыг уучлав

Х.Баттулга алуурчид, авлигачдыг уучлав

Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулга ажлаа өгөөд дөрөв хонож байна. Тэрбээр өнгөрсөн нэг сарын турш хуруугаа цоортол 18 мянган хүнийг төрийн одон медалиар шагнасан бол ажлаа өгөхийн өмнөхөн хүн амины хэрэг болон авлигын хэргээр ял шийтгэл эдлэж байсан хүмүүсийг уучлах зарлиг гаргасан нь олны нүдийг орой дээр нь гаргаж байна.

Ингээд бүрэн Х.Баттулга хэн, хэнийг уучлах зарлиг гаргасныг тоймлон хүргэе.

Б.Энхбат

Хон Хэрээдийн Б.Энхбат нь хүн амины онц ноцтой хэрэг үйлдэж, шүүхээс түүнд 25 жил хорих ял оноосон байдаг. Гэвч Х.Баттулга Монгол Улсын Төрийн тэргүүнээр сонгогдсоны дараахан буюу 2017 оны аравдугаар сард шоронгоос суллагдсан.  Түүнийг уучлах тухай зарлигийг гаргахдаа Х.Баттулга хэвлэлд мэдээлээгүй нь олны хэл амнаас айсан байж магадгүй.

Шоронгоос гарч ирснийхээ дараа Б.Энхбат хэвлэлд өгсөн ярилцлагадаа “ Монгол төрийн “сүнслэг орчин” намайг хамгаалж байсан учир би тэр хахир хатуу айхтар савнаас ингэж эрүүл энх гарч ирсэн гэж ойлгодог. Яагаад гэвэл, хүний хорвоогийн буруу зөвийг хамгийн эцсийн шатанд төр л дэнсэлж шийднэ. Монгол төрийн тэр дэнсэн дээр миний хувь заяа шийдэгдсэн. Түүнээс биш Женко Баттулга Ерөнхийлөгч болоод, намайг гаргасан юм биш шүү дээ” гэж байв.

Г.Солтан

Х.Баттулга тамгаа өгөхөөс гурван сарын өмнө буву 2021 оны гуравдугаар сард зарлиг  гаргаж анх удаа гэмт хэрэг үйлдсэн өрх толгойлсон 21 эмэгтэйд хүн уучлал үзүүлж байв. Мөн Наурызын баярын өдөр зарлиг гаргаж 11 казах иргэнд уучлалт үзүүлсний нэг нь УИХ-ын гишүүн асан Г.Солтан байлаа.

УИХ-ын гишүүн асан Г.Солтаныг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, ЖДҮХС-аас авсан зээлээ зориулалтын бусаар ашигласан гэх үндэслэлээр шүүхээс 3 жилийн ял оноосон. Тэрбээр гэм буруугаа хүлээсэн учир түүнд уучлал үзүүлжээ.

Д.Дамба-Очир

Х.Баттулга Ерөнхийлөгчөөс буухын өмнө 13 хүнд уучлал үзүүлсний дотор УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очир багтжээ. Д.Дамба-Очир нь ЖДҮХС-гаас авсан зээлээ мөн л зориулалтын бусаар ашигласан, албан тушаалаа урвуулсан гэх үндэслэлээр 3 жилийн ял шийтгэл шүүхээс авсан. Түүнийг гэм буруугаа ухаарсан гэх үндэслэлээр Х.Баттулга уучлал үзүүлэх зарлиг гаргасан байна.

Б.Махбал

Хамт ажилладаг нөхрөө албаа өгсөнгүй хэмээн онц хэрцгийгээр зодож хөнөөсөн Б.Махбалд уучлалт үзүүлсэн гэх мэдээлэл олон нийтийн шүүмжлэлийг дагуулж байна. Тодруулбал, хэвлэлд мэдээлснээр Х.Баттулга тамгаа У.Хүрэлсүхэд өгөхөөс нэг цагийн өмнө буюу өнгөрөгч Баасан гаригийн өглөө ЗТХЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнгийн амь насыг санаатайгаар хөнөөсөн Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Махбалыг уучилжээ. Гэхдээ түүний нийт ялын 25 хувьд нь уучлал үзүүлсэн болохыг хэвлэлүүд бичиж байна. Ерөнхийлөгч Х.Баттулгыг Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдаар ажиллаж байх үед тус яамны Зам тээврийн бодлогыг нь хариуцсан газрын даргын албыг Б.Махбал хашиж байжээ. Мөн 2017 оны сүүлээр ЗТХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын даргаар томилогдоход тухайн үед шинэхэн Ерөнхийлөгч болсон Х.Баттулга нөлөөлж, албан тушаалд нь тавиулсан, тиймээс би том артай хүн хэмээн сайрхдаг байсан гэх.

Э.Энхбат

“Шар Энхээ” гэх нэрээр олонд танигдсан Э.Энхбатын Хан-Уул дүүргийн нутагт байх “Ривер гарден” хотхон дахь гэрт нь Э.Насанжаргал, Б.Цолмон, Б.Чинзориг нар 2019 оны тавдугаар сард өмнөд хөршөөс оруулж ирсэн мансууруулах бодисоо хүргэн өгч байхдаа үйлдэл дээрээ баригдсан гэх мэдээлэл бий. Түүгээр ч зогсохгүй тэднийг баривчлах үед тэд эсэргүүцэж, автомашинаараа цагдаагийн ажилтныг мөргөн зугтаасан гэдэг. Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Э.Энхбатад найм, хилээр мансууруулах бодис оруулж ирсэн, цагдаагийн ажилтныг эсэргүүцсэн Э.Насанжаргал, Б.Цолмон нарт долоо, шүүгдэгч Б.Чинзоригт дөрвөн жил хорих ял оноосон гэх мэдээлэл бий.

Тэгвэл Ерөнхийлөгч асан Х.Баттулга түүнд уучлал үзүүлэхдээ Э.Энхбатын ялаас 2.5 жилийг хассан мэдээлэл байна.

Д.Галсансүх

Зохиолч, яруу найрагч Д.Галсансүхэд холбогдох эрүүгийн хэргийг Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны хоёрдугаар сарын 8-ны өдөр хянан хэлэлцсэн байдаг. Тэрбээр зам тээврийн ноцтой осол гаргаж, автомашинд нь зорчиж явсан хэвлэл мэдээллийн 2 ажилтан амиа алдсан юм.

Шүүхээс шүүгдэгч Харгана овогт Дэжидмаагийн Галсансүхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 заалтад зааснаар “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт”-ыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хөнгөн, хоёр хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 3 жил 3 сарын хорих ял оноосон юм. Харин Х.Баттулга түүнд уучлал үзүүлжээ.

Б.Хурц

С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт 3 шатны шүүхээс ял сонссон Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг мөрдөн шалгах явцад тагнуул, прокурорын эрх бүхий албан тушаалтнууд хууль зөрчиж эрүүдэн шүүсэн гэх үндэслэлээр ТЕГ-ыг удирдаж байсан Б.Хурц нарын 9 хүн буруудан шүүгдсэн юм.

Хоёр жил орчим үргэлжилсэн эрүү шүүлтийн гэх хэргийн шүүх хурал өнгөрсөн 4 дүгээр сард болж анхан шатны шүүх Б.Хурц нарт 1-3 жилийн ял оноосон юм. Тодруулбал, Б.Хурц 1 жил 6 сар хоригдох ял сонссон. Харин түүнд Ерөнхийлөгч асан Х.Баттулга уучлал үзүүлжээ. Гэхдээ тэрбээр уучлал гуйх шаардлагагүй, би хэрэг хийгээгүй гэсэн боловч Х.Баттулга хүчээр уучлал үзүүлсэн талаар хуульчид шүүмжилж байна.

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!