2024.03.19, Tuesday
spot_img
НҮҮРУлс ТөрЗ.Энхболд АН-ыг аврах уу, алах уу?

З.Энхболд АН-ыг аврах уу, алах уу?

Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд ажлаа өгч, АН-ын дарга С.Эрдэнийн орон тооны бус ахлах зөвлөхөөр ажиллахаар болсноо зарлав. Тэрбээр “Өнгөрсөн сонгуулиар онгоцоор улс тойрсоор яваад өөрөө унасан, өдгөө аль нэг тойргийг сонгож аваад тэндээ бэлтгэж, амиа бодмоор байгаа”-гаа учирлажээ. Түүний оронд Хөл бөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ө.Шижирт очих гэнэ.

УИХ-ын 2016 оны сонгуульд АН-ыг удирдаж, сонгуульд орсон хүн нь З.Энхболд. Парламентад 35 суудалтай намаа гудамжинд гаргасныхаа хариуцлагыг хүлээж, тэрбээр намын даргаасаа чөлөөлөгдсөн. Үүний дараа АН-д дотоод сонгуульд явагдаж, С.Эрдэнэ намаа авсан юм.

С.Эрдэнэ АН-ын дарга болох үед  том биетэй З.Энхболд сонгогдлоо гэсэн шүүмжлэл ч дагалдсан. Гэвч, өнөөдөр З.Энхболд, С.Эрдэнэ нарын хооронд хагарал үүссэн, НДЕГ-ын дарга асан Ц.Уртнасанг баривчилсан нь дээрээс тавьсан сум гэж улс төрийн хүрээнд хардацгааж буй.

Намаа лааз өшиглүүлсэн хариуцлагаа хүлээх үедээ З.Энхболд “би ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүйгээ илэрхийлсэн. 2020 он хүртэл ажил төрөлд очихгүй” гэж байсан юм. Гэвч, 2017 онд АН-аас нэр дэвшсэн Х.Баттулга ялалт байгуулснаар ерөнхийлөгчийн тамгын газрын даргаар томилогдсон. Товчхондоо, нам нь гудамжинд гарч, эсрэгээрээ З.Энхболд төрийн ордонд заларсан юм.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллахдаа З.Энхболд олон нийтийн шүүмжлэлд багагүй өртсөн, ордны хамгийн нэр хүнд муутай улстөрчдийн нэг гэж хэлж болно.

Сав л хийвэл үг сөрдөг шазруун зан нь түүнийг “Төрийн тайган” гэх хоч зүүхэд нь хүргэсэн байх.  Юутай ч Ерөнхийлөгчийн засаглал болон ШХАБ-т Монголыг элсүүлэх талаар дэмжсэн ярилцлага хэвлэлийнхэнд өгч явсан З.Энхболд ардчиллыг тугаа болгож ирсэн Ардчилсан намд буцаад ирлээ. Дөрвөн жилийн өмнө АН-ыг удирдаж явсан тэрбээр энэ удаад амиа бодохоор шийджээ.

Намынхаа бүлээн зүстэй, бүтэн нэртэй болгон руу ноцож, АН-ыг гудамжинд гаргахад нь багагүй нөлөөсөн хүмүүс бол Х.Баттулга, З.Энхболд хоёр.

Өнөөдөр ч тэд Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг хоёрт өш хонзон зангидаж явдаг шинжтэй, буруу бүхнийг тэдэнд чихдэг, тохдог болсон.

АН өнгөрсөн УИХ-ын сонгуулиар чухам яагаад ялагдсан шалтгааныг  З.Энхболд одоо ч ойлгоогүй яваа нь “Ч.Сайханбилэг, Ц.Элбэгдорж хоёр “Эрдэнэт”-ийг Худалдаа хөгжлийн банканд өгснөөс болоод бид ялагдсан. Ц.Элбэгдорж зорилготойгоор “Эрдэнэт”-ийн 49 хувийг зараад, түүнийгээ зарлуулж, АН-ыг ялагдуулсан” гэх үгнээс нь тодорхой харагдаж байна.

Ерөнхийлөгчид “хөөгдсөн үү”, өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн үү, ямар ч байсан  ажлаа өгсөн З.Энхболд АН-ыг аврах уу, алах уу гэдгийг харъя.

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!