2024.04.20, Saturday
spot_img
НҮҮР1Т.Аюурсайханы санаачлага бүтэлгүйтэв

Т.Аюурсайханы санаачлага бүтэлгүйтэв

УИХ-ын Дэд дарга Т.Аюурсайхан тэргүүтэй 20 гишүүний санаачилсан Жолоочийн даатгалын тухай хуулийн төслийг  өнгөрөгч долоо хоногт Эдийн засгийн байнгын хороо хэлэлцэж, олонх нь дэмжсэн. Энэ асуудал олон нийтийн дунд нэлээд талцал, маргаан өрнүүлэв.

Хууль санаачлагч Т.Аюурсайхан энэ талаар тайлбарлахдаа ” Ашгийн төлөө аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг ААН-үүдэд жолоочийн албан журмын даатгалын тусгай зөвшөөрлийг олгосон. Хуулийн үндсэн зорилго нь жолоочийн эрх ашгийг хамгаалах, хохирлыг барагдуулах байтал ашиг олох зорилгоор гажуудуулсан. Мөн ашгийн төлөө байгууллагууд хариуцсанаар зам тээврийн ослыг бууруулах бодлого орхигдож ирсэн. Хуулийн гажуудлаас дурдвал, цагдаагийн тодорхойлолт заавал шаарддагаас болж, цагдаа ирж зөрчлийн оноо хасаж, торгодог учраас даатгуулагч иргэд захиргааны арга хэмжээ авахуулахгүйн тулд хувиасаа зардал гаргаж, даатгалын төлбөр нь компанийн ашиг болж үлддэг. Тиймээ хууль батлагдвал жолооч нарын хохирлыг бодитоор үнэлж, ослын хохирлыг бүрэн гүйцэд олгодог болно. Зам тээврийн ослыг бууруулахад жолоочийн хариуцлагын албан журмын даатгал уялдаж байх ёстой. Төр албадлагын аргаар жолооч нараас мөнгө авч байгаа бол тэдний эрх ашгийг хамгаалсан бодлогын арга хэмжээнд чиглүүлэх ёстой. Даатгалын компаниуд олон төрлийн даатгалын үйл ажиллагаа явуулдаг. Гэтэл жолоочийн хариуцлагын албан журмын даатгалыг ашгийн бус этгээд хариуцъя гэхээр даатгалын компаниуд хүнд байдалд орно гэдгийг сонсохоор эргэлзээ төрж байна. Даатгалын салбар чинь ийм эрүүл бус болчихсон юм уу. Бусад бүтээгдэхүүн нь хөгжих чадваргүй болсон юм уу.Жолоочийн хариуцлагын даатгал ашиг сонирхлын зарчмаар олон жил явсан. Сая гаруй жолооч даатгал төлж байгаа учраас асуудлыг засаж залруулахыг зорьсон. Даатгалын салбарын хөгжилд ч хэрэгтэй. Бүтээгдэхүүнээрээ өрсөлдөнө, даатгуулагч иргэдийн итгэлийг олно, хүрээллийг нэмнэ, шинэ бүтээгдэхүүн гаргаж өрсөлдөнө. Түүнээс биш хэсэг улстөрчидтэй нийлээд иргэдийн мөнгийг албан журмаар хурааж, ашиг олох нь бизнесийн зөв зарчим биш” гэсэн.

Гэвч, түүний өргөн барьсан хуулийн төсөл УИХ-ыг төдийгүй нийгмийг хоёр талцуулаад байсан билээ. Учир нь, НДС, ЭМДС гээд өмнөх сангуудыг нь улстөрчид цөлмөчихсөн, ийм байдалд хүрэхгүй гэсэн баталгаагүй тулд иргэд ч болгоомжлолтой хандаж байв. Учир нь, төр өөрөө хулгайч болсон цагт албан журмын даатгалын мөнгийг Т.Аюурсайханы хүслээр төрд очлоо гэхэд улстөрчдийн ах дүү, хамаатан садны идэш болох эрсдэлтэй тул эдийн засагчид ч энэхүү хуулийг төслийг шүүмжилж байлаа. Тэгвэл энэ асуудлаар МАН завсарлага авчээ. УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаан өнөөдөр /2021.11.15/ болж, гурван асуудлыг хэлэлцсэн байна. Гэхдээ ямар нэгэн шийдвэр, шийдэл гараагүй гэдгийг бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн хэллээ.

Тэрбээр “Жолоочийн хариуцлагын даатгалын тухай хуулиар МАН завсарлага авсан. Учир нь, бүлгийн гишүүд хоёр хуваагдсан байсан. Бүлгээрээ гишүүдийнхээ байр суурийг нэгтгэлээ. Гишүүдийн олонх нь энэ хуулийг хэлэлцэх эсэхийг дэмжихгүй гэх шийдвэрийг гаргалаа. Учир нь, хувийн хэвшлийн ажлыг төрд авч, асуудалд хандаж болохгүй гэж үзсэн” гэх мэдээллийг өглөө.

Цөөнхийн бүлэг ч мөн дэмжих боломжгүй гэдгээ илэрхийлсэн. “Жолоочийн даатгалийн хуульд 631 мянган хүн хамрагддаг. Даатгалын 17 компани ажиллаж байгаа. Тэдний үйл ажиллагаа шаардлага хангахгүй байна. Хууль эрхзүйн орчныг сайжруулах ёстой. Гэхдээ Засгийн газрын байр суурь ойлгомжгүй байна. Хувийн хэвшлийг дэмжээд байгаа юм уу, дэмжихгүй байгаа юм уу. Сангийн сайд бол энэ хуулийг дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн” гэж АН-ын бүлгийн дарга Д.Ганбат мэдээлсэн юм.

Б.АНАНД 

 

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!