2024.12.11, Лхагва
spot_img
НҮҮР3Дундаж монгол Долгор ба Комиссын хувцас!

Дундаж монгол Долгор ба Комиссын хувцас!

Долгор нь шувууны сүүдэр дайрч өнгөрдөг шунхан улаан насан дээрээ гунхаж явна.

Хоёр жилийн өмнө мөнгөтэй болоод илүү гоё хувцаслаад “урж тасдах юмсан” гэж боддог байсан бол одоо ёстой л нөгөө “урж тасддаг” дээрээ ирчихлээ. Мөнгөтэй болсон гэсэн үг биш ганган болсноо л гайхуулж байгаа юм. Унгар ард түмний буянаар хорин онд хорио цээрийн үе ч гэлээ төв Европд суралцахаар ирэв. Хээрийн галуу нисэн үл хүрэх газарт Хүннү Эйрийн Улаанбаатар-Будапешт анхны нислэгээр ирсэн гэж байгаа, тун догь.

За тэгээд эхний догол мөрд байсан санаагаа буцаж сануулахад, оюутан учраас мөнгөгүй хэвээрээ гэхдээ европд ирсэн учраас ганган болов. Энд vintage буюу үйлдвэрээс гараад хаа нэг анхдагч газраа оччихоод буцаж дахиад дэлгүүрийн өлгүүрт өлгөгдсөн, бидний хэлдгээр комиссын дэлгүүрүүд булан бүрт.

Манай монголчуудад нэг ийм хэллэг сэтгэхүй бий, хуучин хувцас өмсөхгүй, хуучин энерги дагана. Яг үнэндээ хувцасны хуучин шинийг хэлэлцэх дээрээ тулбал хүний хуучин хорвоо дээр амьдарч байгаа шүү бид. Хүн амьдраад мөнх бусыг үзүүлээд дахиж төрөөд хоёр мянга хорин нэгэн жилийг үдчихсэн, хүний хуучин хорвоо. Хуучин машин, хуучин байр, хүний хуучин найз охин…

Магадгүй хэдэн жилийн өмнө бид ариун цэвэр сахидаггүй байгаад хувцсаар бөөс мэтийн халдварт өвчнүүд дамжих эрсдэлтэй байсан байх. Гэхдээ одоо үед энэ мэт эрсдлийг тооцоод ариутгаж угааж хэрэглэвэл комиссын хувцсаар ч гангарч болно. Гангараад зогсохгүй дэлхий нэгэнт даахаа больсон даавуунаас чи давхар үүрэлцээд харин ч эх дэлхийн дулаарлын эсрэг бодит хувь нэмэр оруулж буй сайшаалтай.

Бараг жил шахуу амьдралынхаа хамгийн ганган дээрээ тавьсан эгэл монгол Долгор нь та нартаа хуучин хувцас авахад анхаарууштай, мэдүүштэй хэд хэдэн зүйл захъя.

Нэгдүгээрт, бүрэн бүтэн бүр айхтар элээгдчихээгүй хувцас сонгоно /за энэ бараг мэдээжийн зүйл байх хэхэ/. Хоёрдугаарт, материалын чанар болон оёдолт нь анхаарал хандуулна. Хувцасны чанарыг үзэхдээ наад зах нь илж үзээд, дараа нь атгаж үздэг. Давуу нь илэхэд зөөлөн, базахад бага үрчийлттэй бол болоод явчих нь тэр. Дараагийн дугаарт санах нь, хувцас гэдэг бол чиний уран сэтгэмж. Заавал цамц өмд гээд эсвэл ойрд хүмүүс гадуур юу өмсөж байгааг л өмсөх албагүй шүү дээ. Би бол авсан хуучин хувцсаа тайрна, оёдлыг нь ханзлана, баруун зүүн талаас нь танаж орооно, тэгээд ямар ч дизайнар урлаж амжаагүй өөрийн хувцсаа гаргаж өмсөнө.

2022 оны хаврын хувцас загварын шоунд мэргэжлийн дизайнар Францын загварын тайзнаа эрэгтэй моделуудаа цэцэгтэй плаж, пөмбгөр мөртэй нэвсгэр хувцсаар гоёод алхуулсан байна билээ. Хувцас загвар хэзээний хүйсийн тэгш эрхийг манлайлж ирсэн. Өнгөрсөн хэдэн жилийн топ трэндэд аавынх юм шиг томдсон блазер, найз залуугийнх нь юм шиг юүдэнтэй юүдэнгүй том цамцнууд моодонд байв. Бид хүйсийн тэгш эрх гэхээр эмэгтэй хүн эрэгтэйчүүдтэй адилхан байх, тэдний манлайлдаг салбар ялангуяа улс төр, нийгмийн оролцоонд эмэгтэйчүүдэд илүү олон суудал сандал олгох тухай одоо ч ярьж тэмцсээр байгаа. Харин загвар, урлаг нэг алхам үргэлж урд алхдагийн жишээг хувцас бидэнд тэгш эрхийг тунхагласаар нь баталсаар байна.

Дундаж монгол Долгор

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!