Монгол Улсын Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгуулийн санал хураалт 2021 оны зургадугаар сарын 9-нд болох гэж байна. Сонгууль өнгөрсөн 2019 онд оруулсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу явагдаж байна. Зургаа дахь Ерөнхийлөгчийн бүрэн эрх нь зургаан жилээр нэг удаа сонгогдоно. Ингээд Монгол Улсын төрийн тэргүүнээр ажилласан таван эрхмийг танилцуулъя.
1993 он
Ерөнхийлөгчийн анхны сонгууль 1993 онд болж байв. Сонгуульд МҮАН, МСДН-ын эвслээс П.Очирбат, МАХН/МАН/-аас Л.Түдэв нар өрсөлдсөн. Олонхын саналаар П.Очирбат ялалт байгуулсан юм.
1997 он
1997 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН/МАН/-аас Н.Багабанди, МҮАН, МСДН-аас П.Очирбат, МУНН-аас Ж. Гомбожав нар нэр дэвшиж байв. Уг сонгуульд Н.Багабанди ялалт байгуулсан бөгөөд “хийгүй” гэх тодотголтой үлдсэн билээ.
2001 он
МАХН/МАН/-аас Н.Багабанди, АН-аас Р.Гончигдорж , ИЗН-аас Л.Дашням нар өрсөлдөж Н.Багабанди Монголын Улсын Ерөнхийлөгчөөр улиран сонгогдов. Монгол Улсын Ерөнхийлөгчөөр улиран сонгогдсон хоёр хүний нэг нь тэр билээ.
2005 он
МАХН/МАН/-аас Н.Энхбаяр, АН-аас М.Энхсайхан, Эх орон намаас Б.Эрдэнэбат, БНН-аас Б.Жаргалсайхан нар өрсөлдсөн. Энэ сонгуульд Н.Энхбаяр сонгогдож, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч боллоо.
2009 он
МАХН/МАН/-аас Н.Энхбаяр, АН-аас Ц.Элбэгдорж хоёрын дунд гал гарсан ширүүн тулаан болсон юм. Уг сонгуульд Ц.Элбэгдорж ялалт байгуулснаар АН сүүлийн гурван удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд дараалан ялсан юм.
2013 он
АН-аас Ц.Элбэгдорж, МАН-аас Б.Бат-Эрдэнэ, МАХН-аас нэр дэвшсэн Н.Удвал нар нэр дэвшсэн. Энэ удаагийн сонгуульд Ц.Элбэгдорж ялж, Монгол Улсын Ерөнхийлөгчөөр улиран сонгогдов.
2017 он
АН-аас Х.Баттулга, МАН-аас М.Энхболд, МАХН-аас С.Ганбаатар нар өрсөлдөж, хоёр шаттай сонгууль болж байлаа. Эхний шатанд С.Ганбаатар хамгийн бага санал авч хасагдсанаар Х.Баттулга, М.Энхболд хоёрын дунд гол тулаан өрнөсөн. Ингээд “Монгол ялна” уриатай Х.Баттулга ялалт байгуулав.
2021 он
МАН-аас У.Хүрэлсүх, АН-аас С.Эрдэнэ, ХҮН-аас Д.Энхбат нэр дэвшиж байна. Тэдний хэн нь зургаа дахь Ерөнхийлөгч болох нь маргааш тодорно.