Өргөөгөө булаацалдан хоёр хуваагдсан Монгол бөхчүүдийг Ц.Магалжав удирдахаар болжээ. Тодруулбал, Монголын Үндэсний Бөхийн Холбооны ээлжит бус Их Эе хурал 2021 оны тавдугаар сарын 29-нд Монгол бөхийн өргөөнд болжээ. Их эеийн төлөөлөгчдийн олонхын саналаар Улсын заан Ц.Магалжав МҮБХ-ны тэргүүнээр сонгогдсон байна. Гэхдээ ээлжит бус хурлаас сонгогдсон учраас түүнийг хүлээн зөвшөөрөхгүй бөхчүүд байгаа аж.
Хурал нэлээд халуун уур амьсгал дунд болж, бөхчүүд ч гомдол саналаа хуваалцжээ. Зарим нь допингийн асуудлаа шийдэхгүй байгаад бухимдаж, зарим нь наадмаар 2048 бөх барилдуулах санал гаргасан ч зөвшилцөлд хүрч чадаагүй аж. Ц.Магалжав нь 2001 онд Ардын хувьсгалын 80 жилийн ойн баяр наадмаар Улсын начин, 2006 онд харцага, 2016 онд Улсын заан цол хүртсэн бөх юм.
Монголын Үндэсний Бөхийн холбооноос мэдээлснээр МҮБХ-г үүсгэн байгуулагч болох нэр бүхий бөх, бөхийн зүтгэлтэн Р.Нямдорж, П.Даваасамбуу, Д.Данзан, Д.Мягмар, Р.Давааням түүний дараа МҮБХ-ны тэргүүнээр Р.Нямдорж /1990 он/, Л.Чинбат /2018 он/, Б.Бат-Эрдэнэ, Ц.Магалжав /2021 он/ сонгогдсон нь УБЕГ-т бүртгэлтэй байгаа аж.
А.Анар